Үзэсгэлэн гоо гэдэг үүлэн чөлөөний нар биш
2015/08/17
Биднийг бүр багад л Үүдэн шүд чинь унаад ирэхийн цагт
Үзэж харах хүнгүй болноо ай Сүнжидмаа яа хө.... гэж дуулсаар би ч хувьдаа эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг үүлэн чөлөөний нар мэт дайраад өнгөрдөгт итгэсээр ирсэн хүмүүсийн нэг. Гэхдээ яг өөрөө том хүн болж амьдрал туулхуйяа үзэсгэлэн гоо гэдэг үүлэн чөлөөний нар биш гэж бодож эхлэв. Яагаад гэвэл аливаа нас бүхэнд өөрийн үзэсгэлэн гоо оршсоор байдаг агаад хэн өөртөө арчаатай байна тэр хүн үзэсгэлэн гоо төрхөө хадгалсаар л нүд унагам сайхан эмээ, өвөө хүртэл болж болдгийг би бишгүй харав. Тиймээс манай Монголчууд бид ерөнхий нэг том нийтлэг дутагдалтай улс аж. Тэр нь залуугаараа хөгширснөө гайхуулах. Дөч дөнгөж гарч байж л өө одоо ч хөгширч байна ш дээ, 50 дөнгөж гарсан нь одоо удахгүй жар гарлаа ш дээ ч гэж байх шиг. Эсвэл хөөх яасан залуу сайхан харагдах юм бэ гэж хэлүүлэх гэдэг юм уу, эсвэл энэ сайхан насаа албаар хөгшрүүлэх гэж дурладаг юм уу бүү мэд. Би хувьдаа дөч, тавь, жаран насыг бол маш сайхан нас гэж боддог. Яагаад гэвэл амьдралыг бишгүй таньж эхэлсэн бас ухаарсан нь хорьтой, гучтай хүмүүстэй харьцуулшгүй юм шүү дээ. Тэгээд ч одоо цагт биеийн тамир хөдөлгөөн, эм тариа гээд их олон зүйлийг хэрэглэж ялангуяа энэ Америкт идэр, ахмад насны хүмүүс машин барьж, дэлгүүр хоршооноос хүнсээ цуглуулж, бүхнийг болж өгвөл өөрсдөө хийх гэж оролдох. Бишгүй сайхан биеэн авч яваа нүд унагам эмээ өвөөтэй зөндөө л таарч байлаа. Тэднийг хархад надад үнэхээр сайхан баяр хөөр төрдөг. Яг л залуу сайхан бүсгүйг шохоорхон харах шиг тийм л мэдрэмж нүдээр би тэднийг хардаг. Ингээд юу хэлэх гээд байна вэ гэвэл бүхий л амьдрал туршид минь намайг, чамайг үзэсгэлэн гоо гэгч дагаж явдаг аж. Харин чи өөрөө түүнийг олж харах нь чухал юм. Бүхий л амьдралынхаа туршид гоо үзэсгэлэн гэдгийг дотроо ч гаднаа ч аргамжиж чадсан тийм сайхан хүмүүсээр би бахархнам.Мөн бидний арван жилийн сургуульд хамт сурч байсан зарим залуус, охид тухайн үедээ төдийлөн анхаарал татахуйц биш байснаа нас биед хүрсэн хойноо маш сайхан залуу, бүсгүй болсон байдагтай зөндөө таарч байв.Гэтэл бид тэднийг үл хүлээн зөвшөөрч хм багадаа нэг хачин л юм байсан юм, төрөл арилжиж гэнэдээ гэж чичлэх. Хэхэ хүн бүр өөрчлөгддөг. Ялангуяа хичээл зүтгэл байх аваас хүн гаднаасаа ч дотроосоо ч өөрчлөгдөх бүрэн боломжтой юм. Тиймээс харин ч тэднийг сайхан болсонд нь баярлах бахархах хэрэгтэй. Яагаад гэвэл сайхан бүхэнд амьдрал өөрөө баясдаг, хүмүүс бид татагддаг юм шүү дээ. Учир нь амьдралд нүд, сэтгэл, чих гурав баясах шиг сайхан зүйл үгүй. Тиймээс ч би сайхныг сайхаан гэж дуу алдан хэлж хүлээн зөвшөөрөх дуртай билээ л. Аяа нас насны дагуул болон эргэлдэх үзэсгэлэн гоо чамайг магтан дуулнам. Ялангуяа сайн сайхан ханьтай учирсан эр, эм хэн ч бай гадна дотроосоо гэрэлтэн асдаг. Ингээд бодхоор маш олон шалтаг шалтгааны улмаас гоо үзэсгэлэн гэдэг үүлэн чөлөөний наран адил үзэгдээд өнгөрдөг эд биш ажээ. Ямар ч насанд хүн өөрөө л хүсэх аваас юугаа ч өөрчилж чадах аж. Хэлбэр галбир, зорилго ааш араншингаа. Гэхдээ мэдээж ингэж чаддаг нь бидний дунд маш ховор. Зарим нэг нь ч өөрийгөө хэзээ ч өөрчилж чадахгүй гэдгээ хэлж, зарлаж ухааныхаа царыг харуулах хэхэ . Ямар ч тохиолдолд өөрийгөө ялж ямар нэгэн зүйлийг өөрчилж чадсан хүн бол гайхалтай гэж би боддог. Яагаад гэвэл өөрийгөө ялж чадсан хүнд өрөөл бусад зүйлийг ялах, даван туулах гэдэг бол юу ч бишээ. Үзэгдээд өнгөрөх үүлэн чөлөөний наран мэт үзэсгэлэн гоо, эрүүл саруул бие галбир, ой ухааныг шүтэж дэргэдээ он удаан жилээр аргамжиж амьдрах хүмүүс олон олон болтугай. Бурхнаас оноосон нас бүр сайхан бөгөөд эзэн нь болсон би та хичээх аваас гоо үзэсгэлэн гэдэг үүлэн чөлөөний үзэгдээд өнгөрдөг нар төдий зүйл биш юм.
Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот.(Номын хэсгээс авав)
Зочин · 2015/08/17
:like