Дүүгээ аварч, өөрөө хүнд түлэгдсэн Г.Цэрэнтогтох хүүг монголчууд аварч чадлаа. Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сарын 10-нд айлын гэр шатахад дотор нь найман сартай хүү байсан юм. Хүүгийн ах Г.Цэрэнтогтох дүүгээ аврахын тулд улаан гал руу цээж нүцгэн гүйж орсон, дүүгээ тэврээд үүд рүү тэмүүлээд ухаан алдсан талаар тухайн үед манай сонин цувралаар хүргэж байсан билээ. 16 настай Г.Цэрэнтогтох хүү дүүгээ авраад өөрөө 80 хувийн түлэгдэлттэй ухаангүй олон хоносон.

Манай сонины нийтлэлийн дараа монголчууд Г.Цэрэнтогтох хүүд туслах хандивын аян эхлүүлж, хэнд юу байна түүгээрээ тусалсан. Элэг нэгт монголчуудын сайхан сэтгэлийн үр дүнд Г.Цэрэнтогтох хүү хөл дээрээ босч, өнгөрсөн бямба гаригийн үүрээр эх орондоо ирлээ.

Тэрбээр БНСУ-д сар гаруй эмчилгээ хийлгэсэн бөгөөд Монголд физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх аж. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц бямба гаригийн 03.40 цагт газардахад Г.Цэрэнтогтох хүүг аав, дүү хоёр нь тоссон юм. Мөн онгоцны буудалд байсан хүмүүс баяр хүргэж, дотноор угтан авлаа. Г.Цэрэнтогтох “Миний төлөө санаа зовниж, сэтгэлийн хэмжээлшгүй их дэм хайрлаж, тусламжийн гараа сунгасан хүн бүрт маш их баярлалаа. Сайн сурч, хурдан том болоод та нарынхаа ачийг хариулна аа” гэсэн юм. Мөн тэрбээр физик эмчилгээ хийлгэх хугацаандаа хамаатныдаа байх тухайгаа ярьсан.

Манай сонинд нийтлэл гарсны дараа буюу зургадугаар сарын 15-ны өдрөөс Г.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд зориулсан хандивын аян эхэлсэн билээ. Түүнээс хойш монголчууд арав нь арав, зуу нь зуун мянган төгрөг хандивласаар байсан. Хандивын аян зөвхөн Монголд өрнөөгүй. 21 аймаг, есөн дүүргээс гадна гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгэн хүүгээ аврахын тулд гараа сунгацгаасан. Эгчийнх нь мэдээлснээр долдугаар сарын 3-ны байдлаар 148 сая 372 мянган төгрөг цугласан юм. Энэ хугацаанд Г.Цэрэнтогтох БНСУ-ын Сөүл дэх “Hangasy” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Түлэгдэлтийн зэрэг өндөр, элэг, уушги, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд нь өөрчлөлт орсон учраас амийг нь аварна гэж эмч нар анхандаа хэлж чадахгүй байсан. Зүүн гуяны арьснаас авч цээжийг нь нөхнө, зүүн гаранд хиймэл арьс суулгана гэх мэт чамгүй олон хүнд мэс засал хийх тухайгаа солонгос эмч нар ярьж байлаа. Мөн мэс заслын үр дүнгээс хамаарч гурван сарын дараа хөл дээрээ зогсч магадгүй гэсэн сайхан мэдээг ч дуулгасан.

Ингээд хүүд долдугаар сарын 13-нд мэс засал хийж хоёр хөл, хоёр мөр, зүүн гарт нь арьс нөхсөн аж. Мөн зүүн чихэнд нь косметик мэс засал хийлгэжээ. Тухайн үед эмч нь “Санасныг бодоход мэс засал амжилттай боллоо. Бие сайтай хүүхэд юм” гэж ярьжээ.

Хүүг Солонгост эмчлүүлж байхад тэнд амьдардаг монголчууд хандив цуглуулж, зарим нь чихэр жимс бариад эмнэлэгт нэг биш нэлээд хэд очжээ. Зарим нь үнэгүй орчуулга хийж өгч тусалсан байна. Анги хамт олноороо, ажлаараа, цуглаанаараа нийлж хандив өргөхөөс гадна Солонгост ажиллаж буй монголчууд нэгдэн “Цэрэнтогтох хүүд амьдрал хайрлая” хандивын тоглолтыг долдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулжээ. Тоглолтод БНСУ дахь олон үндэстний театрын дуучин С.Гантогоо, МУСТА Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин С.Баярсайхан нар нэгдсэн юм. Дэмжигч байгууллагаар Мөрөөдлийн Зүг бүлгэм, Халуун сэтгэл , БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо байгууллагууд ажилласан юм. Тоглолт зохион байгуулсны үр дүнд нэг сая 11300 вон цуглажээ. Мөн Монголд Монголын залуучуудын холбоо “Ахыг аваръя” хандивын аян зохион байгуулж арван сая төгрөг цуглуулсныг Г.Цэрэнтогтох хүүд өгсөн.

Энэ мэтээр монголчууд дүүгээ галаас аварсан сайн ахад зориулан 210 орчим сая төгрөг цуглуулж чаджээ.

Солонгосын эмнэлэг Г.Цэрэнтогтоход 200 сая воны зардалтай эмчилгээ хийнэ гэсэн. Гэхдээ хүүгийн эсэргүүцэл сайн, эмчилгээ хурдан авч байгаа учраас 150 сая воноор эмчлэх боломжтойгоо долдугаар сарын сүүлээр мэдэгджээ. Монголчуудын хандивласан мөнгө эмчилгээний зардлын 70 гаруй хувийг бүрдүүлж чаджээ.

Сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр эмчлүүлсэн Г.Цэрэнтогтох долдугаар сарын 27-нд эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн. Улмаар хоёр хоногийн дараа хөл дээрээ босч явдаг болсон билээ. Одоо тэрбээр удаан хугацаанд физик эмчилгээ хийлгэх заавартайгаар Монголд ирсэн.

Сайн үйлс дэлгэрэг.

Ц.Өрнөх

http://dnn.mn