Өнгөрөгч долдугаар сарын дунд үеэс эхлэн Нийслэлчүүд нийтийн тээврээр зорчихдоо "Цахим карт" буюу "Ухаалаг карт"-ыг хэрэглээндээ нэвтрүүлэх шаардлага тулгарсан билээ. Энэхүү картыг 3600 төгрөгөөр худалдан аваад дансаа мөнгөөр цэнэглэж зорчиж яваа иргэд тун цөөн байсан. Харин өнөөдрийн байдлаар уг картыг уншуулж нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгджээ. Учир нь "Ухаалаг карт"-гүй иргэдийг 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэр хэзээ мөдгүй гаргах гэж буйгаа нийслэлийн удирдлагууд, нийслэлийн тээврийн газрынхан мэдэгдсэн. 

Хэрэв зээ дээрх шийдвэрийг гаргавал ирэх сарын нэгнээс нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр зорчвол 500 төгрөг төлөхгүй, 1000 хүртэлх төгрөг төлдөг болно гэсэн үг юм. Ингэснээр иргэдийн карт худалдан авах идэвхи нэмэгдэж, нийтийн тээврийн шинэчлэлд хурдан хугацаанд шилжих ач холбогдолтой аж.

Энэ шийдвэр нь иргэдийн халаас руу шууд өнгийж буй гэлтэй. Угтаа картыг 3600 төгрөгөөр худалдаж аваад дээр нь өөрийн зорчих хэмжээгээрээ мөнгөн дүнгээр цэнэглэх боломжтой иргэд хэд байгаа бол. Тэд мэдээж мөнгөтэй, халаас зузаантай байсан бол аль хэдийнээ тэрхүү картыг худалдаад аваад үйлчлүүлэх байсан биз. Ядаж U-картаа худалдаж аваад хоёр удаа нийтийн тээвэрт уншуулах боломжтой байсан бол яая гэхсэн. Тиймээс тэд овоо хэдэн удаа автобусанд суучих мөнгөөрөө ганцхан карт худаллдаж авахыг хүсэхгүй байна. Ухаалаг бус картыг хэн нэгний мөнгө угаах хэрэгсэл гэж үзэх иргэд ч цөөнгүй байгаа юм. 

Ухаалаг бус гэхийн учир нь, картаа гээх, хаяж үрэгдүүлбэл тэр хүний хохь олсон хүний олз болно. Ийн хэлэх нь U-картанд ямар ч нууцлал байхгүй. Хаясан л бол буцааж олох боломжгүй болж орхино. Нэмж хэлэхэд тус картанд ямар ч хөнгөлөлт урамшуулал байхгүй. Анх нэвтрүүлэхдээ дамжин суулт хөнгөлөлт эдэлнэ гэж байсан ч тэр нь ажил хэрэг болоогүй л байна. Харин картаа яаж борлуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. 

Нийтийн тээврийн ухаалаг картыг  Шанхайд троллейбус, метро, такси, машины зогсоол, шатахуун түгээх зэрэг газруудад ашигладаг байх жишээтэй. Мөн дамжин суулт бүрээс тодорхой хэмжээний хувь хасагддаг байна. Гэтэл манай улсад "ухаалаг карт"-ны ид шидийг нь нэвтрүүлээгүй яаж мөнгө угаах, олох вэ гэх нарийн аргыг л боловсруулан нэвтрүүлсэн бололтой. 

 

Х.Даваа