Алдагдсан аз жаргал
2015/08/18
Одоо бодоод байхад би ч тэр хүмүүс ч тэр бидний дийлэнх нь аз жаргалын эрэлд явсаар хамаг насаа барах шиг санагдана. Би бүр хүүхэд байхаасаа л аз жаргалтай амьдрал хүсэн мөрөөдөж байж билээ. Гэхдээ яг ямар аз жаргалтай амьдрал хүсэн мөрөөдөж байсан юм бол? Бидний үед баян болохыг тэгтэл их хүсэж мөрөөдөж байгаагүй, бас алдартай хүн болох гэж тэгтлээ дурлаж байгаагүй.
Харин дээд боловсролтой хүн болбол л сайхан амьдарна гэж мөрөөдөж байсан санагдана. Гэвч тэр дээд боловсрол эзэмших, диплом өвөртөлсөн болгон аз жаргал гэгчид хүрсэн, хүртсэн эсэх эргэлзээтэй. Амьдралын аз жаргал гэдэг зүгээр л амьд явах хооронд минь тохиох сайхан мөчүүд байдаг гэдгийг лав л залуудаа мэддэггүй байсан юм. Яагаад бид гарт баригдаж, нүдэнд үл үзэгдэх аз жаргалыг хайсаар дэргэд олдсон аз жаргалаа анзаарахгүй өнгөрдөг юм бол доо. Яг үнэндээ амьдралд онох минь ч алдах минь ч аз жаргал байж.
Өвдөж шаналж, шаналлыг давсан минь ч агуу аз жаргал. Яг үнэндээ аз жаргал нүдэнд үзэгдэх аж. Бас аз жаргалтай агшин гарт баригддаг аж. Хэрэв нүдээ нээгээд сайн харах юм бол Аз жаргал ердөө л яг миний, чиний дэргэд хөөрхөн бяцхан хүүхэд шиг ход ход инээгээд л сууж байх аж. Яагаад гэвэл дандаа зовж явдаг нэг ч хүн, дандаа инээж явдаг нэг ч хүн үгүй. Амьдрал өөрөө үнэн ба худал, төрөх ба үхэх гэсэн хоёр том хувилбар дунд эргэх агаад энэ хооронд л хүмүүс бид солонгын долоон өнгөнөөс өөрсдөө сонгож голдуу хар ба цагаан, саарал гэсэн гуравхан өнгөөр хорвоог, хүний харилцааг харах аж. Уг нь бол хүмүүс минь амьдрал солонгын долоон өнгөөр гэрэлтэж байдаг агаад та ердөө өөрөө л хүсэх аваас аз жаргалыг амталж, идэж, өмсөж, зүүж чаддаг аж. Тийм ээ би аз жаргалыг одоо хайхаа больсон. Учир нь аз жаргал агшин бүрд намайг, чамайг тойрон тойрон эргэлдэж байдаг байна билээ л. Зарим нэг нь амьдралд тохиох салалт, урвалт төдийхөнд хорсож сүйд болох. Энэ бол яг үнэндээ тийм ч сүрдээд сүйд болоод байх асуудал биш юм. Учир нь бидэнд цаана нь өшөө их амьдралын зам дурайж байгаа. Үхлийн өвчин л тусаагүй бол амьдрал өөрөө үргэлж аз жаргалаар намайг чамайг ээж байдаг. Тиймээс гагцхүү та нүдээ нээгээд сайн хараарай. Аз жаргал хэзээч холоос ирдэггүй. Тэр яг одоо дэргэд чинь инээмсэглээд жаахан хөөрхөн мөлхөө жаал шиг чам уруу, над уруу ирж яваа. Та ердөө л түүнийг тосоод аваад, үнэрлэн үнсээрэй. Тэр гарт баригдаж, нүдэнд харагддаг юм.
Яруу найрагч Хулганайн Тэргэл. Чикаго хот