Бид энэ удаагийнхаа “Бүтээлч монгол хүн” буландаа хийсэн бялуу нь идэх биш, гайхаж бишрэх сэтгэгдэл төрүүлсэн, бялуугаар бүхэл бүтэн ертөнцийг бүтээж болдогийг харуулсан нэгэн авьяаслаг бүсгүйг онцолж байна. М.Наранчимэг гэх энэ эгэл жирийн бүсгүй 2012 оноос эхлэн бялууг “урлагийн бүтээл” болгох ажлаа эхлүүлсэн бөгөөд саяхан Америкаас өөрийн гараар урлан бүтээсэн бялуугаараа шагнал хүртээд иржээ.

Уг нь Голомт банкинд нягтлан мэргэжлээр ажиллаж байсан ч ээж, эмээ хоёрынхоо үйл хэргийг үргэлжлүүлэх нь амьдралд нь аз жаргал, баяр баяслыг мэдрүүлж чадна гэдгийг ухааран, эргэлт буцалтгүйгээр шийдэж, үндсэн ажлаа орхижээ.

Түүний ээж болон эмээ нарийн боовоор мэргэшсэн тогооч нар байсан гэх бөгөөд М.Наранчимэг хүүхэд байхдаа өглөө бүр нарийн боовны үнэрээр сэрдэг байжээ. “Одоо тортоо хийж суухад ээж минь үргэлж бодогдож, ээжтэйгээ байх үеийн дурсамжууд бодол санаанд минь орж ирдэг шүү” хэмээн тэрбээр ярьсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


 М.НАРАНЧИМЭГ: ЦАГАА ТУЛАХААР НОЙР ХҮРДЭГГҮЙ ЮМ БИЛЭЭ

-АНУ-д болсон бялууны тэмцээнээс III байрын шагнал хүртсэн танд баяр хүргэе. Сонирхоод хийж байсан зүйлээрээ дэлхийн том тэмцээнээс шагнал хүртэнэ гэдэг том амжилт шүү дээ?

-Баярлалаа. АНУ-ын Небраска мужийн Омаха хотод долдугаар сарын 30-наас энэ сарын 02-ныг хүртэл ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоу болж өндөрлөлөө. Миний хувьд ICES-ын гишүүн болохоор энэ удаагийн 40 дэх уулзалтад Монголоо төлөөлж бүтээлээ хийж оролцсон. Тэнд очоод бүтээл хийх хоёрхон өдрийн хугацаа байсан болохоор нойроо мартан байж том ажлын ард гарч чадсан. Цагаа тулахаар нойр хүрдэггүй юм билээ. Дуусгаж байж санаа амарсан шүү. Ингээд III байрын шагнал хүртсэн. ICES-т 2005 онд Азиас анх удаа Филиппин улс бүртгүүлж байсан юм билээ. Харин энэ удаа Монгол улс бүртгэгдэж, би очиж оролцоод ирсэндээ баяртай байна. Ингэснээр Азиас Филиппин, Хятад, Солонгос, Монгол гэсэн улсууд бүртгэлтэй болж байна. 

-Байр эзэлнэ гэж төсөөлж байв уу?

-Төсөөлж байгаагүй. Анх удаа оролцоод, III байранд орсондоо үнэхээр баяртай байгаа. Нэгдүгээр байранд Япон, хоёрдугаар байранд Америкийн бүтээл шалгарсан.

-Өмнө нь ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцож байв уу?

-Үгүй ээ. Фэйсбүүкийн “Sweet kitchen” группnaнхээ ширээ засалтын тэмцээнд орж тэргүүн байр эзэлж байсан.

-Та уралдаанд оролцохдоо хийсэн бүтээлээрээ юуг илэрхийлэхийг хүсэв?

-Би бүтээлдээ монгол гэр бүл, монгол үндэсний хэв маягийг харуулж, дөрвөн бэрх дүрсэлсэн. Морин хуураа дээдэлдэг болохоор орой хэсэгт нь морин хуураа байршуулсан. Уг нь дөрвөн давхар ноён, хатан, хүү, охин гээд гэр бүл зурж бэлдээд авч явсан ч замд эвдрээд очсон болхоор жаргал, зовлон, жаргал гэдэг билэгшээлээр гурван давхар хийсэн. Тэмцээний бусад оролцогчдын тухайд ур чадвар үнэхээр сайн юм билээ. Нэгдүгээр байранд шалгарсан Японы бүтээл нь деталь, ажиллагаа ихтэй байсан нь их таалагдсан.

Зураг: III-р байранд орсон Монголын бялуу

Зураг: I-р байранд Япон, II-р байранд АНУ 


-МИНИЙ ХАЙРТАЙ БАГАЖ БОЛ НАРИЙН БИЙР-

-Таны хийсэн бялуунуудыг харахад үнэхээр биширмээр юм. Энэ яг бялуу мөн үү гэж уулга алдахад хүргэж байна?

-Печень дээр зураг зурахад их хэцүү. Ер нь арга эвийг нь олж л зурж будна. Аливаа ажилд гарт барих багаж чухал. Миний хайртай багаж бол нарийн бийр. Мөн дээр нь ур чадвар, зүтгэл их чухал. Сайхан бүтээл хийхийн нууц багаж материал сайн байхаас гадна хувь хүний сэтгэл, харах өнцөгөөс шалтгаалдаг. Бүтээлээ амилуулахын тулд бүгдийг бийрээр, гар аргаар зурж хийдэг. Яг ийм үедээ хэнийг ч ойртуулдаггүй. Ширээ хөдөлгөөд, нэг л буруу тавигдчихвал буцааж засах аргагүй болдог юм.

-Материалаа Америкаас авдаг гэсэн үү?

-Фондант бялууны материал Монголоос бараг олддоггүй л дээ. Хятадаас оруулж ирсэн материал чанарын шаардлага хангадаггүй. Бялууны материалаа Америкаас авдаг. Фондант гэх бялууны зуурмаг их үнэтэй. Бэлэн зуурмаг нь хэтэрхий нялуун биш байдаг юм.

-Нэг бялууг хэдий хугацаанд хийдэг вэ?

-Нэг торт хийхийн тулд хамгийн түрүүнд чимэглэл хийж, хатааж бэлдэх хэрэгтэй. Долоо хоногийн өмнөөс захиалга авч бэлдэж эхэлнэ. Ер нь бялууныхаа сэдвийг олохдоо захиалга өгсөн хүнийхээ хүсэл сонирхлыг их боддог. Захиалга авсан өдрөөсөө эхлээд л хийх бялууныхаа сэдэв, өнгө, хээ чимэглэл, зураас бүхнийг санаандаа боддог. Бялуу гэдэг жирийн нэг амттан биш, бүгдэд баяр баясгалан бэлэглэж байдаг шүү дээ. Аливаа баярт уригдан ирсэн зочид хүндэтгэлийн бялуугаа харахыг тэсэн ядан хүлээдэг. Тэр их баяр баясгаланг нь унтраахгүй, улам бадраахсан гэсэн хүслээр би бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг.


-БИ ЭЭЖИЙНХЭЭ ҮРГЭЛЖЛЭЛ-

-Таны хийсэн бялуунуудын ихэнх нь үлгэрийн баатрууд, хүүхэлдэйн өнгө аятай байх юм?

-Ихэвчлэн үлгэрийн сэдвээр зурах дуртай. Үлгэрийн ертөнцөд их хайртай. Хүүхдүүдээ бага байхад хамт суугаад хүүхэлдэйн кино их үздэг байлаа. Одоо ч үздэг. Хүүхдүүдийг хамгийн их баярлуулдаг ертөнц бол үлгэрийн ертөнц шүү дээ. Үлгэрийн ертөнцөөр хийхэд чимхлүүр ажил ихтэй байдаг юм. Цэвэрхэн хийхгүй л бол жаахан зураас болхи болчихвол муухай харагддаг. Сэтгэлээ шингээгээд, захиалагчийнхаа сэтгэлд нийцсэн бялуу хийгээд өгөхөд эргээд намайг урмын үгээр харамгүй мялаадаг даа.

-Таны ээж их гарын дүйтэй, уран хүн байсан гэсэн. Ээжийнхээ талаар дурсан яриач?

-Миний ээж нарийн боов маш сайхан хийдэг, гэрийнхээ ширээг янз бүрийн зүйлээр дүүргэчихсэн байдаг их сайн гэрийн эзэгтэй байсан. Ээж маань хушган боов, наполеон торт хийчихээд, манай найз охидыг дайлдаг байлаа. Тэр үед би ээжээрээ үнэхээр бахархдаг байсан. Ингээд хожим 1996 онд айлын эзэгтэй болсоноос хойш ээжээсээ сурсан мэдсэнээ ашиглаж, гэртээ янз бүрээр ширээ засдаг болсон доо. 2008 онд Америкт явж байхдаа фондант тортыг сонирхон харснаас хойш сонирхлоороо гэр бүлийнхээ хүрээнд хийж байгаад 2012 оноос захиалга авч цөөн тоогоор хийдэг болсон. Миний нөхөр, хүү, охин гурвуулаа миний фен. Намайг үргэлж дэмжиж, бүтээлийн маань анхны үзэгч шүүмжлэгч байдаг.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Би ээжийнхээ үргэлжлэл. Тиймээс ээжээсээ өвлөн авсан жор, технологи маань намайг ийм сайхан ертөнцтэй холбосон. Цаашдаа ээжийнхээ нэрийн “Саран бэкэри”-тэй болохыг мөрөөдөж, ажлаа эхлүүлсэн. Одоо ээжийнхээ нэрээр www.Sarancake.mn сайт нээгээд, захиалга авч эхэлсэн. Эзэгтэй нар болон охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд өдөр бүр оролд. Хүн өөрөө өөрөөсөө суралцаж амьдардаг болохоор чадахгүй гэж хойш суулгүй, зөвхөн өөртөө итгээд оролдоод байгаарай гэж зөвлөе

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
jirgee.mn