“Утасны анд” энэ удаад Монголын мисс И.Төгсөөтэй холбогдлоо. Тэрээр 12 настайдаа анх загварын ертөнцөд хөл тавъсан юм.
 
-Сайн уу, “Утасны анд” байна. Өдрийн мэнд хүргэе?
 
-Чамд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.
 
-Нэлээд чимээтэй сонсогдож байна. Гадуур явж байгаа юм уу?
 
-Хөөцөлдөх ажил гараад жаахан завгүй явж байна.
 
-Нэгэнт холбогдсоных танаас сонирхсон зүйлээ асууя. Та бусад миссийг бодвол их даруухан санагддаг?
 
-Элдэв гоё, ганган зүйлээс илүү өөрийнхөөрөө л байх сайхан. Мисс, загвар өмсөгч гэхээрээ заавал өөр. Хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн хүн байх ёсгүй. Харин ч хүмүүсийн өгсөн хайр, хүндлэлийг зөвөөр авч явах ёстой юм болов уу.
 
-Мөн хувцаслалтын хувьд ч үргэлж энгийн явах нь ажиглагддаг шүү?
 
-Хүн бүр тэгж хэлдэг л дээ. Гэхдээ би энгийн, чөлөөт хувцсанд дуртай. Үргэлж өсгийтэй гутал, даашинз өмсөх хэцүү биз дээ. Тиймээс жинсэн өмд, намхан гутал өмсөөд явах сайхан. Харин ажил хэрэг, хүлээн авалт, уулзалтад бол өөр. Аль болох орчинд нь тохирсон хувцас өмсөхийг хүсдэг.
 
-Миссийн тэмцээн өдрөөс өдөрт нэр хүнд нь унаж байна. Та үүнийг ямар өнцгөөс хардаг вэ?
 
-Тоолж барамгүй миссийн тэмцээн болж байна. Үүнд мисс гэсэн нэрийг зүүсэн, зүүхийг хүссэн охид оролцдог. Тиймээс ийм тэмцээнийг чанаржуулах хэрэгтэй гэж боддог.
 
-Таныг хамгийн төгс биетэй мисс гэдэг. Орчин үед туранхай л бол сайхан бүсгүй гэсэн ойлголт нийгэмд байх шиг байна?
 
-Хэтэрхий туранхай байх нь нэг төрлийн өвчин. Харин биеийн жин, харьцаа өөртөө тохирсон байх хэрэгтэй. Охид турах гээд элдэв эм бэлдмэл хэрэглэдэг. Энэ нь хамгийн буруу. Эрүүл мэндээрээ хохирно.
 
-Та тэгвэл жингээ хэрхэн барьдаг вэ?
 
-Жингээ барихад хөдөлгөөн чухал. Тиймээс байнга хөдөлгөөнтэй байж, фитнессээр хичээллэдэг. Бүсгүй хүн ямар ч ажилтай байсан өөртөө жаахан ч болтугай зав гаргаж сурах хэрэгтэй. Тэгвэл хүссэн гоо сайхнаа цогцлоож чадна.
 
-Мисс бүсгүйг эргүүлэх, танилцахыг хүсэх залуус цөөнгүй байдаг байх. Эрчүүдэд ямар шалгуур тавьдаг вэ?
 
-Өөрийгөө үнэлж, хүндэлж чаддаг бүсгүйчүүд эрчүүдэд тодорхой шалгуур тавих нь зөв гэж боддог. Гэхдээ энэ нь өнгө мөнгө, царай зүс биш л дээ. Миний хувьд эмэгтэй хүнийг ээж шигээ хайрлаж хүндэлдэг, муухай үгээр доромжилдоггүй, жинхэнэ монгол эр хүн л таалагддаг.