Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 70 настай эмэгтэйг угаалгын өрөөнд нь хөнөөсөн гэмт этгээдийг саатуулсан талаар манай сайт мэдээлсэн. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны эцэст гэмт этгээдийг өчигдөр баривчлан байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна.Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

 

-Сүхбаатар дүүрэгт гарсан хүн амины хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байранд хүн амины хэрэг гарлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж, дуудлага өгсөн байранд нэвтрэн орж, хэргийн газар шалгалтын ажиллагааг хийсэн. Шалгалтын ажиллагаа хийгдэхэд гадны нөлөөтэй амь насаа алдсан 65-70 орчим настай эмэгтэйн цогцсыг олж тогтоон, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.

 

- Гэмт хэрэгтний талаар мэдээлэл байна уу?

-Хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, УМБГ-аас томилогдсон ажлын хэсэг 92 цагийн дотор сэжигтнийг саатуулсан. Сэжигтнээр 1991 онд БНХГУ-д төрсөн, МУ-ын иргэн 24 настай Б гэгч татагдаад байна.

 

-Ямар учраас хүний аминд хүрсэн талаараа мэдүүлсэн юм болов уу?

-Талийгаачийн гэрээс алдагдсан эд зүйл, гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Цогцост хийсэн шинжилгээгээр хохирогчийн амь нас нь бүтэлтийн улмаас амь насаа алдсан гэх дүгнэлт гарсан. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг үндэслэн Б гэгчийг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн энэ сарын 19-ний өдөр дайчлан баривчилсан.

 

-Хохирогчтой ямар нэгэн байдлаар холбоотой байсан уу?

-Үүнийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Урьдчилсан байдлаар шунахайн сэдлээр хүний амь насыг хохироосон гэсэн байдал тогтоогдоод байна.

 

-Гэрээс нь алдагдсан эд зүйлийн тухайд?

-Бриллиантан шигтгээтэй бөгж болон бусад эд зүйлс алдагдсаныг цагдаагийн байгууллага олж тогтоосон байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/