Нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа залуу дуучин Д.Найдандоржийг уншигч та дуугаар нь илүүтэй сайн танина. 

"Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" гээд дууны уран бүтээлийн сан арвин. 

Өнгөрөгч таван сард тэрбээр Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд нар хамтран “Нөхөрлөлийн дуу” хэмээх шинэ уран бүтээлээрээ сонсогчдынхоо мэлмийг мялаасан билээ. Түүнчлэн "Сэтгэлийн нандин" анхны цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа юм.

 

 

Тэгвэл дуучин Доржсүрэнгийн.Найдандорж "Аав минь" нэртэй 10 дахь клипээ толилууллаа. Уг дууны шүлгийг Магванжавын Баярсайхан, аяыг МУСТА Отгойн Баянмөнх нар бичсэн байна. Түүний энэ удаагийн бүтээл нь дуучин хүн дууны аяыг нь хийсэн гэдгээрээ онцлог болсон гэнэ шүү. 

 

 

"Аав минь" дууны клипэнд Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Алтангэрэл, түүний хүүгийн дүрд Э.Пүрэв-Очир тогложээ. Тус клипэнд 1980 оны сангийн аж ахуйн амьдралыг харуулсан бөгөөд аав, хүү хоёрын аз жаргалтай мөчүүдийг дүрсэлжээ.

 

Дашрамд дуулгахад, дуучин залуу маань ирэх аравдугаар сард өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж яваагаа дуулгалаа. Ингээд үзэгч, сонсогч та шинэ уран бүтээлээ өлгийдөн авна уу.

О.Ариун