Улсын их дэлгүүрийн хойд талд буюу хоёрдугаар дөчин мянгатын 18, гуравдугаар байрны зарим оршин суугч хажууханд нь барьж буй барилгын дуу чимээ, тоос шорооноос болж гэртээ хонохоо болиод хоёр сар болж байгаа гэнэ. Орон сууцныхаа гадна талд нарлаж суусан нэг эмэгтэй “Зун цаг болохоор бас ч гэж зуслан, хөдөө гээд явчихаж байна.

Намар бол хэцүү шүү дээ. Дуу чимээнд нь дасан зохицохоос аргагүй болох байх. Нялх нойтон хүүхэдтэй хүмүүсийн хувьд хэцүү л байх шиг санагддаг. Хүүхэд нь унтахгүй цочиж уйлахаас эхлээд зовлон байдаг юм билээ” гэж сэтгэгдлээ хуваалцав. Эмэгтэй нэрээ хэлэхийг хүссэнгүй. Барилгын компаниас дарамт шахалт ирж магадгүй гэж болгоомжилж байгаагаа хэлээд гэртээ орохоор яарлаа. Тэрээр гуравдугаар байрны оршин суугч юм байна. “Авзага” компанийн барьсан 18 дугаар байрныхан ч түүнтэй адил зовлон хэлж байв. Оршин суугчидтай нь уулзахад ихэнх нь дуу чимээ нь хэцүү юм гэцгээж байлаа.

Биднийг очиход гуравдугаар байрны хоёр давхрын орцны харалдаа “Тоосонд дарагдсан орчин, дуу чимээнд оршин суугчид унтаж амарч чадахаа болилоо”, “Хүүхэд, өндөр настан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн бичиг бүхий даавуу өлгөсөн харагдав. Хоёр байрны хойхно талд, чанх голд нь барилгын ажил ид өрнөж байлаа. Хоёр дахь давхрынхаа цутгалтыг хийчихэж. Чимээ шуугиан их гэж шүүмжлэхээс аргагүй юм. Хамгаалалтын хашаагаа хэтэрхий намхан барьжээ. Барилга дээрээс юм уналаа гэхэд байрны оршин суугчдын толгой дээр ойчихоор эрсдэлтэй харагдав.

 

Хоёр байрныхан “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо” гэж байгуулжээ. Тус хороонд нэгдсэн гуравдугаар байрны оршин суугч Наран­гаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Оршин суугчдын зүгээс барилга барьж байгаа компанид албан ёсоор хандсан уу?

-Компанийн удирд­лагуудтай уулзъя гэсэн саналыг бол тавьсан. Гэхдээ ширээний ард албан ёсоор уулзаагүй байна. Манай байрны оршин суугчид аль зургадугаар сараас энэ талаар ярьж эхэлсэн. Энэ асуудлыг мэдэх төрийн байгууллага, албан тушаалтнуудад ч бичиг хүргүүлсэн. Зун болохоор хариугаа авч амжихгүй өнөөг хүрлээ. Удахгүй албан ёсны хариугаа авах байх. Хариу бичиг авч байгаад барилга барьж буй компанийнхантай албан ёсоор уулзъя гэж бодож байна. Өнөө орой (өчигдөр орой) манай түр хорооныхон уулзахаар цаг тохирсон байгаа.

-Байрны оршин суугчдын хувьд тоос шороо бужигнасан, чимээ шуугиан их гэцгээж байна. Барилгын компани ямар хууль, тогтоол дүрэм зөрчсөн юм бол?

-НИТХ-ын 2014 онд баталсан 5/14 гэсэн тогтоол бий. Тэр тогтоолд хэрвээ барилга барихаар бол орчин тойрны үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой гэсэн утгатай зүйл бий. Жишээ нь 12 давхар барилга барихаар бол барилга барих газраас 50 метрийн радиуст амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой гээд заагаад өгчихсөн. Гэтэл барилга бариулж байгаа компани биднээс юу ч асуугаагүй. Бидний хэний ч саналыг сонсоогүй. Тийм учраас оршин суугчид төрийн байгууллагад хандаад явж байна.

-Танай байрнаас хичнээн хүн түр хороонд нэгдсэн бэ?

-Ер нь байраараа л явж байгаа. Тэр дундаа нэгдүгээр орцныхонд бүр хэцүү байдал үүсээд байна. Хамгийн хэцүү нь барилгын дуу чимээ. Би л гэхэд энэ зун гэртээ байсангүй. Хөдөө байж байгаад ирлээ. Манай орцны нэлээд хэдэн айл энэ зун гэртээ байгаагүй. Барилгын ажил ид явагддаг үе нь шөнө болохоор чимээгүй орчинд тайван унтаж амарна гэсэн ойлголт байхаа больсон. Манай байр чинь дээр үеийн хуучирсан барилга. Ойрхон ийм том барилга баригдахаар чанарт нь нөлөөлөх байх гэсэн болгоомжлол ч бидэнд байгаа.

Гуравдугаар байрны оршин суугч Наран ингэж ярилаа. Бид түүнтэй уулзсаны дараа барилга барьж буй компанийн удирдлагатай уулзахаар очсон юм. Учраа хэлж тодруулга авахыг хүсэхэд гуч орчим насны залуу хашааны хаалганд гаргасан нүхээр шагайснаа “Бид хуулийн дагуу зөвшөөрлөө авсан учраас барилгын ажлаа явуулж байгаа. Өөр зүйл хэлэх боломжгүй” гээд цааш эргэв. Хашаан дээр хадсан самбараас багцаалдахад энэ барилгын захиалагч нь “Пиэрл”, “АЭ” ХХК-иуд юм байна. “Pearl building” нэртэй 12 давхар оффис, үйлчилгээний барилгын ажил энд өрнөж байгаа аж. Гүйцэтгэгч нь “Титан таур” компани гэнэ. Зарлалын самбар дээрх 990750.. дугаарын утас руу залгалаа. Утас авсан залуу “Манай компани барилгаа эхлүүлэхийн өмнө оршин суугчидтай уулзаж сонирхсон асуултад нь хариулсан. Иргэд одоо яриад байгаа радиусынхаа талаар асуусан. Бид тухайн үед нь хариуг нь өгсөн шүү дээ. НИТХ-аас гаргасан тогтоолд байгаа радиус гэсэн ойлголт зөвхөн шинээр барилгажсан талбайд хамаарна. Манай компанийн барилга барьж байгаа талбай шинээр барилгажсан гэсэн ангилалд хамаарахгүй. Өмнө нь хоёр давхар барилга байсан газар” гэсэн хариу өглөө.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

http://dnn.mn