Хэдхэн халтар төгрөгөөр үнэлэгддэг ямар хямдхан амь бэ
2013/06/24
Наадам хаяанд ирлээ. Энэ жилийн наадмын гоёл шинэ дээл, унах гангараа шинэ машин, суман дэлтэй жороо морьд бодохоос илүүтэй нөгөө унаач хүүхдүүдийн тухай анхаарах цаг айсуй.
Цагийн юм цагтаа сайхан. Одоо дуугарахгүй бол, анхааруулж сэрэмжлүүлэхгүй бол өнгөрсөн хойно нь мянгантаа халаглаад яахав. Нэгэнт оройтно. Манайхан аливааг улс төржүүлэхдээ даанч гарамгай. Энэ хаврын “Дүнжингарав-2013” уралдааны үеэр хүүхэд мориноосоо унаж эндсэний дараа УИХ-ын эмэгтэй гишүүд Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт морин уралдааны үед хүүхдийн эрхийг хангах талаар шаардлага хүргүүлсэн байдаг. Морин уралдааны хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо байхгүй тул Засгийн газарт “Морин уралдааны тухай” хуулийг санаачилж энэ хаврын УИХ-ын чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн утгатай. Өнгөц харахад өр нь өвдсөн эхчүүдийн өргөн барьсан санаа гэлтэй. Зүйтэй, алга ташин дэмжмээр шаардлага. Даанч биелэлгүй байсаар хаврын чуулган хаалгаа барилаа. Тэд ч тэгсхийгээд дуугүй болсон. Харин одоо наадам болох гэж байна. Ингээд бодохоор хүүхдийн амиар наадлаа гэх олон түмний хилэгнэлийг хэсэгтээ ч болов намжаах, хийсэн зүйлтэй харагдах гэсэн ээлжит улс төрийн жүжиг байсан мэт санагдана. Тэгвэл одоо улс төрийн жүжгээс ангижирч, бодит амьдрал руу оръё. Наадамд уралддаг хүлгийн үнэ, унадаг хүүхдийн үнэ хоёр ямар хол зөрүүтэй байна аа. Эгээ тэнгэр газар шиг. Жишээ нь, Дүнжингаравын уралдаанаар уяачид унаач хүүхдээ 5000 төгрөгөөр, харин хурдны морио 800 сая төгрөгөөр үнэлж даатгуулжээ. Ланд 200- аар морио үнэлэн даатгуулсан уяач морь нь эрсэдсэн тохиолдолд даатгалын хуулиар 100 сая төгрөг авах жишээтэй. Гэтэл амь насыг нь 5000 төгрөгөөр даатгуулсан хүүхэд унаж, бэртсэн тохиолдолд тархины зураг авахуулах зардал ч үгүй сууж байна. Энэ шударга уу?
Хөрөнгө бэлтэй, хурдан морины хорхойтнуудын ихэнх нь улс төрчид байдаг. Улс төрд орсон хүн заавал улсын наадмаар морь уралдуулах ёстой мэт гажуудал Монголд мода болсон. Тэдэнд морь нь түрүүлэх л чухал болохоос унаач хүүхэд, уяач энэ тэр огт сонин биш. Тиймдээ ч хүүхдийн аминаас хүлгийнхээ арьсыг илүүд үздэг шинэ цагийн баячуул торгон жолоо өргүүлэх магадлалтай гэсэн мориндоо баруун солгойгүй мөнгө цацдаг. Тухайлбал, төрийн түшээд болох “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ ембүү зээрдээ 800 саяар даатгуулан аархаж, араас нь “Мон Уран”-ы Б.Наранхүү нарийн хээрээ, УИХ-ын гишүүн Г.Батхүү соёмбо зээрдээ, бэнчинтэйгээ хаана ч илэрхийлдэг “Алтай конштракшн”-ы Х.Бат-Эрдэнэ цус сэлбэсэн эрлийз азаргаа 300-650 сая төгрөгөөр даатгуулсныг морины хорхойтнууд ярьдаг.
Гэтэл салхи татуулан довтлох тэр дөрвөн туурайтныг нь сум шиг хурдлуулдаг унаач багачуудыг хэдэн төгрөгөөр үнэлж байна гээч. Ослын даатгал нь 100,000-250,000 төгрөг. Гэхдээ уучлаарай, Монголын 60 мянга гаруй уяач дотор хаялгатай, хоншоортой нь л унаач хүүхдүүдийнхээ төлөө дээрх хэмжээний мөнгийг гаргадаг байна. Уралдаж буй хүүхдүүдийн хөдөлмөрийг бага ч атугай үнэлүүлэхийн тулд уяачийн шагналын 20-иос доошгүй хувийг унаачид өгөх ёстой гэж хуульчилсан байдаг ч мөрдөгддөггүй. Хүүхдүүдийг бүртгэлээр нь даатгуулдаг ч уралдааны үед хүүхдүүд мориноосоо унах, бэртэх тохиолдолд нөхөн төлбөрийн асуудал сөхөгдөхөд тухайн даатгалын компани баяр наадмын талбай дээр ч үзэгдэхгүй, олоход ч бэрх байдаг гэнэ. Олдлоо гэхэд нөхөн төлбөрийг олгох хэлбэр нь үнэхээр өрөвдөм. Хүүхдийг даатгуулсан даатгалын үнэлгээний 100 мянган төгрөг тутамд, хичээлийн өдөр бүрт 800 төгрөгийн тэтгэмжийг 90 хоног буюу гурван сарын хугацаанд олгоно. Хэрвээ 90 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлсэн бол даатгалын үнэлгээнээс 80 хувийн нөхөн төлбөр олгодог аж. Унаач хүүхэд эндсэн болон нөхөн сэргээгдэхгүйгээр тахир дутуу болсон тохиолдолд даатгалын үнэлгээг бүрэн олгодог байна. Энэ ямар их доромжлол вэ? Тэдний даатгалд өгсөн 250 мянган төгрөгийг авахын тулд хүүхдийнхээ амийг золих, аль эсвэл өрөөл татанхай болох ёстой юм уу. Арай ч дэндэнэ ээ. Адгууст төлдөг мөнгөнийх нь 0,03- хан хувьтай тэнцэх үнэтэй амь Монголын ирээдүй болсон хүүхдүүд юм гэж үү. Түмний хүүхдээр ингэж цэнгэж болох уу. Төр үүнд хариулт өгөх ёстой. 2011 онд байгуулагдсан “Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”-ноос унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес болгож, өвөл морь уралдуулсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох, үүнээс болж унаач хүүхэд мориноосоо унаж амь насаа алдвал 500 сая хүртэл төгрөгийн нөхөн ол¬говор олгуулахыг хуульчлуулахаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл таг суугаа дүлий төрд монгол цусаа алдсан эрлийз морь, монгол удмыг залгамулах хүүхэд хоёрын үнэ цэнийг дахин нэг дуулгамаар байна.
Ирээдүйгээ адгууснаас дор үнэлдэг харгис Монгол, зэрлэг цэнгэл монгол наадам гэж нэг иймэрхүү.