ЕБС-уудад хийжүүлсэн ундаа зарахыг хориглоно
2015/08/27
Олон улсын Хэрэглэгчийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оныг дэлхий нийтээрээ “Эрүүл зөв, зохистой хооллолтын жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчдад үзүүлж байгаа зарим үйлчилгээ, тухайлбал үнэгүй цэвэр усаар хангаж байгаа байдал нь холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. Хяналт шалгалт, судалгааны ажилд нийслэлийн 6 дүүргийн 69, 18 аймгийн 402 дунд сургууль, нийт 471 төрийн болон хувийн сургуулиуд хамрагдсан байна.
Улсын хэмжээнд төрийн болон хувийн 630 сургууль байдаг бөгөөд нэг сургуульд дунджаар 1000-1500 орчим хүүхэд суралцдаг юм байна. Хяналт шалгалт судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулиудын цэвэр усны крантад 360 ширхэг цэвэр усны төхөөрөмж суурилуулж, зөөврийн савтай ус цэвэршүүлэгч 382 ширхэг байгаа нь нийт суралцагчдынхаа тоотой дүйцүүлэхэд сурагчид цэвэр усаар үйлчлүүлэх боломж нь хязгаарлагдмал байгаа нь тогтоогдлоо.
Сургуулиудын зарим нь эцэг, эхчүүдийн хандив, “Unisef”, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тусламж, НҮБ-ийн хүүхдийн сангийн санхүүжилтээр цэвэр усны төхөөрөмжтэй болсон ба сурагчдын цайны газаргүй сургуулиуд ч цөөнгүй байна. Иймд ШӨХТГ-аас аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарт 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр усны төхөөрөмжөөр бүрэн хангах асуудлыг шийдвэрлүүлэхээр улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүллээ.
Мөн түүнчлэн Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг хэрэгжүүлж улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгон, бүх сургуулиудыг хамруулан зохион байгуулах, сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоох тал дээр ЕБ-ын сургуулиудын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлж гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх 10 сард хийхээр боллоо.