Ирэх долоо хоногийн мягмар гарагт сурагчид хичээлдээ орно. Энэ жил Ерөнхий боловсролын 799 сургуульд 539 818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64 364 хүүхэд элсэн суралцана.  Тэдний тодорхой хувь нь автобусаар зорчих болно.  Тэдгээр сурагчдын хувьд сургуулиасаа 3000 төгрөгөөр карт худалдаж аваад. Нийтийн тээврээр 200 төгрөгөөр үйлчлүүлнэ.

 Харин энэ асуудлыг Монголын сурагчдын холбооныхон: “Дээд сургуулийн оюутнууд үнэ төлбөргүйгээр автобусаар зорчиж байхад сурагчид 200 төгрөгөөр үйлчлүүлэх нь буруу. Дээрээс нь картыг сар, улирлаар нь цэнэглэсэн тохиолдолд бага ангийн сурагчид өдөржин автобусаар яваад мөнгөө дуусгах магадлалтай” гэж тайлбарласан. Тиймээс тэд сурагчийн картыг үнэгүй болгох асуудлаар “Улаанбаатар смарт карт” компанид мэдэгдэл хүргүүлсэн боловч сурагчдыг үнэгүй зорчуулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн нь харамсалтай.

Харин энэ асуудалд БСШУ-ны сайд Л.Гантөмөр: Санхүү тал дээр ямар нэгэн бололцоо гарах юм бол бид хүүхдүүдээ автобусаар үнэгүй зорчуулахын төлөө байгаа. Үндсэн том санхүү шийдэгдэхгүй болохоор сургууль дээр нь асуудлыг шийдэх гэж оролдож байна. Автобусанд чөлөөтэй зорчдог болсноор хүүхдүүд тэнэдэг болж магадгүй. Энэ талаас нь ямар хязгаарлалт хийх боломж байгааг судална гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.  

Уг нь УИХ-ын зарим нэр бүхий гишүүд сурагчдыг автобусанд үнэгүй зорчуулах хуулийн төсөл боловруулаад байгаа ч ажил хэрэг болоогүй л байна.  Энэ талаар  хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: “Хууль хэрэгжсэнээр сургуульдаа автобусаар явдаг хүүхдүүдэд томоохон дэмжлэг болно” гэдгийг хэлж байна.  Хэрвээ хууль хэрэгжих юм бол цөөнгүй айл эдийн засгийн хэмнэлтийг мэдрэх болно.  Сурагчид ядаж л автобуснаас хөөгдөх зовлонгүй болно гэсэн үг Тухайлбал, гурван хүүхэдтэй нэг айл автобусанд ажил, хичээлдээ ирж очихын тулд өдөрт 3200 төгрөг, 100 000 орчим төгрөг төлнө. Энэ нь нэг өрхөд хичнээн дарамт болох вэ? Гэдгийг төсөөлөхөд бэрх.

Удахгүй сургууль орохтой зэрэгцэн хүүхдүүд  автобусанд адлуулж, том жижгээрээ, мөнгөтэй мөнгөгүйгээрээ дуудуулан сургуулийн бараа харна. Өвөл болохоор бүүр ч ад үзэж тэднийг автобусанд суулгаагүйн улмаас нүүр гараа хөлдөөх, мөнгөгүйгээс болоод хичээлээ таслах зэрэг асуудал үүснэ.  

70 000 төгрөгийн цалинтай, оюутнууд өдөрт 2 удаа үнэгүй зорчиж байхад сурагчдийг ч гэсэн  үнэгүй зорчуулах  учиртайг хаана хаанаа бодолцох ёстой. Тэднийг үнэгүй зорчуулах нь зөв үү гэж эцэг эхчүүдээс асуувал дийлэнх нь дэмжих болно. Ядаж л өдөрт 2 удаа  үнэгүй зорчино, тэрнээс илүү гарвал мөнгөө төлөөд яв гэдэг зарчмыг  баримтлаад явбал болохгүй гэх зүйлгүй.  Угаасаа  өнөөдөр автобусны чиглэл шинэчлэгдэж зам нь богино болсон болохоор хүүхдээр бизнес хийж ашиг олно гэдэг  ёс зүй талаасаа “тиймхэн” санаа.

 

Өдөрт 30 000 гаруй хүүхэд автобусаар зорчдог гэсэн тоо байдаг.  Тэдгээр хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь бодоод, олон улсын жишгийг дагаад  үнэгүй зорчуулах боломжтой.  Ирээдүй болсон үрсээ бид өөрсдөө хамгаалахгүй бол тэднийг  эрсдэлтэй байдалд оруулчхаад эцэст нь амаа барих вий!!!