Монголчууд хуулийн дор амьдарч сурч байгаа бололтой. Хөл хөдөлгөөнтэй есдүгээр сарын1-ний өглөө гарцгүй газраар, зам хөндлөн гарч байгаа хүн олж харсангүй. Учир нь өнөөдрөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

 

Хууль зөрчигч болохгүйн тулд жаахан тойруу боловч, гарцаар гарав. Би ганцаараа гарцгүй газраар гардаг байсан юм шиг санагдаж өөрөөсөө ичлээ. Ганц ширхэг будаа зүүний үзүүр дээр тогтохтой зүйрлэдэг хувь тавилангаа хайрлах, цаанадаж амьдралдаа хүргэж ядан байгаа хэдэн төгрөгөө торгуульд төлөхгүйн тулд цаашдаа ч дүрэм зөрчихгүй байхаар шийдэв.

 

Тэгээд ч хүүхдээ дагуулаад гадуур явж байхдаа, хууль зөрчиж болохгүй гэдэг сэтэхүйг суулгаж чадах нь. Ингэснээр Монголын нийгэмд хуулийг эрхэмлэгч шинэ үеийнхэн төрөх боломжтой. Монголчууд бид заавал шахуулж шаардуулж, цагийг нь тулгаж хийдэг зантай. Гэхдээ яах вэ, ямартай ч хууль гарчихлаа. Одоо мөрдөх л үлдлээ. Монголын хууль гурав хоног гэдэгчлэн хэд хоногийн дараа хүмүүс нь зам дээрээ“бэлчээд” эхлэх вий. Хүн шинэ орчинд дорхноо дасчихдаг шүү дээ. Тиймээс жолооч, явган зорчигч гэлтгүй замын хөдөлгөөний дүрмээ ягштал мөрдөе. Үр дүн нь удахгүй мэдрэгдээд эхлэх болно. Зам дээрх ослын тоо багасч, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирохгүй. Хамгийн гол нь хайртай дотнын хүмүүсээ, бяцхан иргэдээ зам тээврийн ослын улмаас алдахгүй. Үүнээс илүү сайхан юм орчлонд хаана байх вэ.

 

Хуулиа мөрдөж, гарцаар гарсан танд баярлалаа.

 

М.Алтанцэцэг