Нэг алхам – Нэг урам
2015/09/05
Монгол Улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо цаасан дээр л харагддаг, хүмүүс нь цаана нуугдмал амьдардаг. Тэдэнд зориулсан үйлчилгээний байгууллагууд хомс, дэд бүтэц болон хүртээмжийн байдлаас болоод ихэнх нь нийгмийн идэвхитэй амьдралд тэр бүр оролцож чаддаггүй нь гашуун үнэн. Төрийн бодлого хүлээвэл турж үхэхийн үлгэр тул хэсэг залуус нэгдэн эдгээр хүмүүсийн төлөө ханцуй шамлан ажилдаа орцгоосон. Спортоор дамжуулж тэднийг нийгэмшүүлье гэсэн зорилго тавьж Амжилтын хэлхээ ТББ үүсгэн, “Хамтдаа гүйцгээе” спортын аяныг зохион байгуулж эхлэв. Саад бэрхшээлүүдийг тоочиж барамгүй их байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гүйлтэд хамрагдая гэхээр гэр хол, зам тээврийн хүндрэл, санхүүгийн асуудал, сайн дурын ажилтнуудын хомсдол гээд л. Өөрсдийнхөө төлөө зүтгээд хүний гар харалгүйгээр тэмцээд ирсэн нэгэнд нь тухайн спортын төрлөөрөө тууштай хичээллэх боломж бараг тэг хувь, янз бүрийн шалтгаанаар эрүүл байх хувь тавилан дутуу хүүхдүүдээ асарч буй эцэг эхчүүд бизнес хийх гэхээр энэ гээд нэрлэчих бодит дэмждлэгүүд нойл заасан байлаа. Энэ бүхнээс үүдэж ерөөсөө дан ганц спортоор биш нийгэмд бүхэлд нь хандсан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэсэн сонголтонд Монголын Ахилчууд гэгдэх залуус тулж очсон юм.
Ахилис гэж хэн бэ?
Одоогоос 39 жилийн өмнө Дик Тром гэж америк залуу ид насандаа хөлөө тайруулж л дээ. Тахир дутуу байдалдаа гутралгүй хүмүүнлэгийн үйлс хийхээр сэтгэл зориг шулуудсан байдаг. Гүйлтээр хичээллэж, улмаар Нью-Йорк хотод зохиогдсон холын зайн тэмцээнд оролцсон ба түүний энэ сонголт нь амьдралынх нь үнэмлэхүй өөрчлөлт болсон гэдэг. Ингээд 1983 онд өөртэйгээ ижилхэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилгоор Ахилис Track Клубыг үүсгэн байгуулсан нь өдгөө “Achilles International” олон байгууллага болон өргөжиж өдгөө дэлхийд 65 салбартай болоод байна. Ахилчуудын онцлог нь соёл амралтын болон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, баялдаржуулах клуб, спорт цогцолборууд зэрэг газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж, сайн дурынхны холбоогоороо дамжуулан тусламж дэмжлэг үзүүлдэг. Ийм тогтмол ажиллагааны үрээр гүйгчдэд биеийн хүчний чадвар сууж, өөрийгөө ялж чадсан сэтгэлийн тэнхээгээр аливаа саад бэрхшээлийг даван туулах хэмжээлгүй боломжийг олж авдаг байна.
Гаргасан мөр
Тэгвэл “Амжилтын хэлхээ” ТББ-ын “хүүхэд” нь болох “Ахилис Интернэшнл Монгол” олон улсын байгууллага нь дөрөвхөн сарын хугацаанд дараах ажлуудыг амжилттай хийсэн юм. Үүнд:
- 2015 оны АНУ-ын Нью-Йорк хотын марафонд хиймэл хөлөн дээр гүйгч Монголын тамирчин О.Саранчулуун, гар дугуйн төрлөөр П.Энхманлай нар анх удаа амжилттай оролцсон.
- “Хамтдаа гүйгцээе” нөлөөллийн гүйлтийг 2 удаа зохион байгуулж 1200 гаруй хүн оролцсон
- Ахиллис Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт группийн үйл ажиллагааг тогтмолжуулж, мэдээллээр хангаж, хөгжүүлж байна
- Дараах цахим хуудсуудыг идэвхтэй хөтлөн, үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэж, олон нийтийн санаачлага, санал, шүүмжийг хүлээн авч хамтран ажилладаг. Үүнд:
- Achilles Mongolia http://www.facebook.com/groups/322335647966701
- Ахиллес Интернэшнл Монголи пэйж хуудасhttp://www.facebook.com/achillesinternationalmongolia
- achillesmongolia.mn
Итгэл найдвар ба боломж
Та Ахилчуудын эгнээнд нэгдмээр байгаа бол гол хэдэн зөвлөмжийг хүргэе.
- Сайн дурын ажилтан хэлбэрээр оролцох бол таны үүрэг дараах байдлаар тодорхойлогдоно. Жишээ нь, Хөтөлж гүйх, олон улсын марафонд хөтөч хийх. Ахиллис монгол клубын байнгын үйл ажиллагаанд туслах. Байгууллагын сайн дурын гишүүнийн сургалтанд хамрагдах
- Хэрвээ хандивлагчдын эгнээнд манлайлахыг хүсвэл achillesmongolia.mn цахим хуудсанд хандаж мөнгөн болон мөнгөн бус байдлаарх оролцоог идэвхжүүлээрэй.
- Ахилчуудтай байнга холбогдохыг хүсвэл Achilles international Mongolia фэйсбүүк хуудас, 9903-9680 дугаарт хандаж болно.
Нэг алхам – Нэг урам
Амьдралынхаа тоолж баршгүй алхмуудаас ганцыг ч болов хэн нэгний төлөө Та зориулж байсан уу? Нэг алхам бүрт нэг урмыг хүмүүст өгөх нь магадгүй хүнлэг мөн чанар, ухаалаг үйлдлийн илэрхийлэл ч болж мэдэх. Ямар нэг хөгжлийн болоод хөдөлгөөний бэрхшээлийг үл хэрэгсэн Монгол хүн бүр хамтдаа гүйж, эрүүл мэнддээ анхаарч, нэг өдрийг спортлог өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр бол 2015 оны 9-р сарын 13. “Итгэл Найдвар Боломж” Улаанбаатар 2015 анхны хагас марафон зохион байгуулагдах юм. Хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ч.Буяндалай зэрэг төр засгийн төлөөлөл биднийг дэмжиж энэ өдөр 5 км хамт гүйхээр болсон нь монголын залууст урам зориг өгсөн нэг алхам болсон билээ.
Бүх нийтийн энэхүү гүйлт нь 4 үндсэн зорилготой. Үүнд:
- Олон нийтэд хөгжлийн бэрхээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх
- Спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчилах
- Хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох
- Нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчилах
Таныг огтхон ч эргэлзэхгүйгээр энэ гүйлтэнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс яг одоо www.achillesmongolia.mn сайт руу орж бүртгүүлээрэй. Эсвэл 70133060 дугаар руу хэзээ ч залгаж асуух боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийгhttp://www.facebook.com/events/395972310527409 фэйсбүүк хуудаснаас аваарай.