Дөрөвдүгээр сарын 2. Хотын төв хэсгээр явган хүний замыг яг хаагаад барьчихсан, иргэдийг автомашины хажуугаар амь өрсөн гарахаас өөр аргагүйд хүргэсэн барилгуудыг чөлөөлөх шийдвэр гарсан өдөр. Энэхүү шийдвэрийг хотын мэр Э.Бат-Үүл гаргасан, үүрэг даалгавар өгсөн.

Гэтэл өнөөдөр энэ шийдвэр хэрэгжээгүй, албан бичиг нь дүүргүүдийн Засаг дарга нарын ширээн дээр хав дараастай байна. Мөнгөтэй төгрөгтэй бол хуулийг эрх мэдлийг эрх дархыг худалдаад авчихна гэж баймааргүйсэн. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг тоож байгаа албан тушаалтан төрийн албан хаагч нэг ч алга. Угтаа бол нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу  хотын төвд явган хүний замыг хааж, таглаж барьсан барилгуудыг зургаадугаар сарын нэгний өдөр гэхэд нураах учиртай байсан. Ингэхдээ зөвхөн замыг чөлөөлөөд өнгөрөх бус чөлөөлөх зардлыг тухайн байгууллагуудаар гаргуулахаар болсон. Өөрөөр хэлбэл тухайн барилга объектыг хууль зөрчсөн байгууллагын эздээс гаргуулна гэсэн үг.

Гэтэл нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Н.Батдорж “Албадан чөлөөлөхөд хөрөнгө их шаардагдана. Бидэнд өнөөдөр мөнгө алга иймээс удааширахаас өөр аргагүй” гэсэн тайлбарыг өгч байх юм. Хууль зөрчсөн хариуцлагагүй үйлдэл гаргасан бол хариуцлагыг нь хүлээлгээд мөнгийг нь гаргуулж чадахгүй байна гэж үү.  

Явган хүний замыг чөлөөлж барилга, автомашины зогсоолоо нураах үүрэг хүлээсэн “Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ийн замын эсрэг талд үйл ажиллагаа явуулж буй “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаанд байрлалтай “Броадвей” сүлжээ дэлгүүр тэргүүтэй үйлчилгээний газрууд явган хүний замыг чөлөөлөх нь байтугай нэг ширхэг тоосгыг ч хөдөлгөхгүй гэж зүтгэж байгаа гэнэ. “Хүнсний 1” дэлгүүрийн ойрлцоох хүнсний дэлгүүрийн өмнөх замыг чөлөөлүүлснээс өөрөөр дээрх “акул”-уудад халдаж чадахгүй байгаа бололтой.

Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж л байгаа бол хууль дүрэмд захирагдаж, хотын даргын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хотын дарга ч мөн адил гаргасан шийдвэрээ хэрэгжиж байгаа эсэхийг эргэн нэг харахад илүүдэхгүй болов уу.  

“Хууль зөрчсөн нь үнэн. Гэхдээ нэгэнт мөнгөө зарцуулаад барьчихсан юм чинь нураахгүй. Хаашдаа өнгөрсөн” гэж хэлээд гэдийгээд байж болохгүй л баймаар. 

 

http://www.autozar.mn