Шинэ сайд "өмнөх сайдын ажлыг салхинд замхаруулав аа"
2015/09/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталсан. Журамд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар тусгасан байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлыг "Шийдлийн Засгийн газрын сайдын суудлыг солих хооронд" замрах вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм. Хуучин сайдын ажлыг "шинэ сайд" үргэлжүүлэхгүй болиулчих юм биш байгаа гэх хар нийгэмд төрлөө. Иргэдийн хамгийн ихэээр хүсэн хүлээж байсан хямд боломжийн үнээр орон сууцтай болох шийдвэр ажил хэрэг болох шатандаа явж буй. Замын дундаас бүтээн байгуулалтын томоохон ажил өрнүүлж явсан сайдыг "ажлаа хийж чадаагүй" гэсэн үндэслэлээр огцруулж орхисон нь тун хачин. Иргэдийнхээ төлөө овоо юм хийж эхлэх нь үү дээ гэтэл гоочилсоор байгаад хөөгөөд явуулчихав уу даа.
Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар өнгөрөгч наймдугаар сард мэдээлэл хийхдээ "10 хувийн урьдчилгаа төлж орон сууцтай болох ажил ёстой л өдөр хоногоор хэмжигдэж байна. Засгийн газраас гарах бүх шийдвэр долдугаар сард гарчих сан. Сайдын зүгээс хийх ажил дуусч, одоо хэрэгжүүлэх л үлдсэн. Өнөө маргаашгүй таван яам хамтарсан гэрээнд гарын үсэг зурах ёстой. Таван яам гэрээгээ баталсны дараа үлдсэн 20 хувьд баталгаа гаргах Хөгжлийн банк болон Монголбанктай гэрээ байгуулчихвал шууд хэрэгжээд эхэлнэ" хэмээсэн. Уг ажлын эхлэлийг тавиад л суудлаасаа огцорсон түүний ажлыг одоогийн байдлаар УИХ-ын гишүүн З.Баян- Сэлэнгэ үргэлжлүүлэхээр сайдын нэрст орсон. Хэрэв зээ З.Баян-Сэлэнгэ сайд болвол, өмнөх сайд барилгын салбарт үгүйлэгдэж байсан баригдаж буй барилга дээр гэнэтийн хяналт шалгалтыг эрчимтэй хийж байсан. Энэ нь хууль бус барилгыг зогсоох мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөхөд хяналт тавихад нэн чухал алхам. Түрээсийн байранд амьдардаг 20 гаруй мянган өрхөд зориулсан“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хамгийн гол нь орон сууцны урьдчилгаа 30 хувь байсныг 10 болгон бууруулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгосон байгаа гэдгийг л санаж, цааш үргэлжлүүлээсэй гэж иргэд бодож суугаа гэдгийг уламжлах гэсэн юм.
Уг зээлд амьжиргааны түвшингөөрөө 7-15 дугаар бүлэгт багтсан өрх хамрагдана. Гэвч Засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаанд нийт 200 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ мөнгө нь ойролцоогоор 10 мянга гаруй өрхөд л хүрэлцэх юм байна. Иймд Сангийн сайдад ирэх жилийн төсөвт зээлийн баталгааны хөрөнгө суулгуулахыг даатгаад байгаа гэх яриа гарч эхэллээ.
Зочин · 2015/09/08
энэ 10 хувь тийм сайхан зүйл бишүү. үндсэндээ 30 хувь дээр нь олон хатуу нөхцөл тулгах юм шиг байгаан гэрээгээ сайн уншиж байж хийхгүй бол байр ч үгүй. төлсөн мөнгө ч үгүй болж магадгүй. яг үндсэндээ банкууд ийм юм батлуулж өөр дээрээ хураагдсан байраа шахах бодлого явуулж байгаа. энэ нь эргээд 10 хувь дууссаны дараа орон сууц ер нь үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж болох юм.