aaaaaМЗЭ-ийн шагналт урлаг судлаач,профессор Дэмчигдоржийн Мягмарсүрэн

 

                        Анд нөхрийнхөө гэгээн дурсгалд.

 

                       Монголдоо хязгааргүй хайртай байлаа….          

 

Үндэсний кино урлагийн нэрт зүтгэлтэн,суу билигт найруулагч,зураглаач,кино зохиолч,Монгол Улсын Төрийн соёрхолт Бэгзийн Балжинням маань тэнгэрт хальжээ.Уг гарлаараа ч тэнгэр язгууртай,Чонос овогт бөгөөд эрин зуунд ховорхон тохиох   ер бусын авъяас билигтэн  байлаа. Түүний түүхэн сэдэвт”Мандухай сэцэн хатан”,”Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бүтээлүүд өвөг дээдсийнхээ хийморь,сэтгэлийн галыг өртөөлөн тээж монгол эх орноо хайрлан хамгаалах,түүх соёлоо нандигнахын учир утгыг ХХI зууны босгон дээр нээснээрээ монгол хүний омогшил бахархлын өвөрмөц туульс болсоон.

Чухамдаа,”Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ гарсны дараагаар 1980 аад оны дунд үеэс монгол орон даяар үндэсний ухамсар урьд үзэгдээгүйгээр идэвхжиж, умартаж мартсан хуучин бичгээ сэргээн суралцах хөдөлгөөн эрчимтэй өрнөхийн зэрэгцээ,хүн ард маань хот хөдөөгүй үндэсний хувцас монгол дээлээ эрхэмлэн өмсцгөөх болсон билээ.

Далаад жил харийн үзэл суртал,номлолд төөрөлдөж явсан монголчуудынхаа зүрхний угт дахь язгуур үндсээрээ бахархах тэр л нандин сэтгэлийнх нь эмзэг утсыг “Мандахуй Сэцэн Хатан” кино л хөглөж чадсан юм.Ялангуяа,их хааныхаа нэрийг ч дурьдах эрхгүй,эмээж байсан цөвүүн цагт Б.Балжинням найруулагч анх удаа эзэн Чингисийн дүр хөрөгийг уг кинондоо дэлгэц дүүрэн харуулж,монгол түмнийхээ мэлмийг баясгасан билээ….

Мандухай сэцэн хатан Тахилын Сүмд морилон ирээд их хааныхаа хөрөгний өмнө тангараг өргөж буй тэр мөч монгол хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулсан нь дамжиггүй… Энэ бол их эзэн хаанаа мөнхөд дурсах,умартаж болохгүйг ард түмэндээ,хойч үедээ хандаж сануулсан найруулагчийн эр зориг нь байлаа.1980-1990 онд Бэгзийн Балжиннямын найруулсан “Хачин хүн”/зохиолч Ц.Балдорж/,өөрийнх нь зохиолоор бүтээсэн “Эргүүлэг”/найруулагч Жумдаан/ гээд кинонууд нь социалиазмын үеийн нийгмийн гажуудал,мухардалд орсон нөхцөл байдлыг бодиттой харуулж,монголын нийгэмд өөрчлөлт хийх цаг болсон тухай хурц асуудлыг тэрбээр зоригтой дэвшүүлсэн юм.Үүгээрээ Б.Балжинням найруулагч монголын нийгэмд шинэчлэлийн салхи оруулж,улмаар 1990 онд гарах ардчилсан хувьсгалд олон түмнийг сэтгэл зүйн хувьд бэлтгэхэд өөрийнхөө нэмэр хандиваа оруулсан гавъяатай хүн.

Бэгзийн Балжиннямын маань дийлэнхи уран бүтээл нь эх нутаг,газар шороогоо хайрлах,эгэл монгол хүний зан чанрыг нээхэд чиглэсэн байдаг нь монголдоо хязгааргүй хайртай өөрийнх нь эх оронч үзлийн илрэл байлаа.Тухайлахад, “Хүн тань руу” нүүж явна”, түүний зохиолоор бүтээсэн С.Доржпалам найруулагчийн “Говийн зэрэглээ” гээд кинонуудад монгол ахуй,хүн хүндээ тусархаг нүүдэлчин ард түмний өвөрмөц зан заншил,өгөөмөр сайхан сэтгэлийн тухай өгүүлсэн байдаг.Ялангуяа,”Говийн зэрэглээ” киноны гүндүүгүй монгол эр,тракторчин Арслан,нутаг усаа нүдний цөцгий адил хайрлаж харамлах байгаль хамгаалагч,ангийн байцаагч гээд олон дүрүүд манай үзэгчдийн дотны танил,хайртай баатрууд нь болж чадсан билээ Энэ аугаа уран бүтээлчтэй хамт “Би чамд хайртай”,”Гарын Таван Хуруу”,”Гэрлэж амжаагүй явна” кинонуудыг бүтээхэд миний бие /редактороор/ оролцож явсандаа ямар их хувь заяа байв аа…

Төрийн соёрхолт,суу билигт найруулагч Б.Балжинням таалал төгссөн нь зөвхөн үндэсний соёл кино урлагт төдийгүй монголын нийгэмд тохиолдсон нөхөж баршгүй том гарз боллоо.Анд найз маань тэнгэрийнхээ оронд амар амгалан нойрсоорой… Чиний минь уран бүтээлүүд монголын ард түмэн,ирээдүй, хойч үеийн үр сад,тэдний зүрх сэтгэлд үүрд мөнхөд үлдэж,үеийн үед монголоо хайрлах сэтгэлийнх нь бахөшгүй дөл болж бадамлаж асна…