Бид хэн нэгэнд хариуцлага тооцох биш сануулах, ухамсарлуулах зорилгоор наалт нааж байгаа
2015/09/11
Залуус нэгдэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд сануулга өгөх бүлгэм байгуулжээ. Улмаар дүрэмгүй жолооч нарын машин дээр сануулах хуудас нааж байгаа аж. “Дүрэм зөрчигчдийг хашраах бүлгэм”-ийг санаачлагчтай ярилцлаа.
-Facebook-т танай бүлгэмийн хийж байгаа ажил зургаан мянга гаруй шахам хүний дэмжлэг авчээ. Тэгэхээр зам дээр дүрэмгүй явдаг нөхдүүд олон хүний дургүйцлийг хүргэдэг нь тодорхой. Танайх олон гишүүнтэй юу?
-Хүн бүр замын хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм хүн бүрт хамаатай. Өглөө хүүхдээ хүргэж өгөх гээд гартал гараажийнх нь хаалгыг хаагаад машин тавьчихсан. Хүүхдүүд нь тоглодог талбай дээр машин зогсоочихсон байвал эрх нь зөрчигдөж л байна гэсэн үг. Тэр утгаараа бусдын эрхийг зөрчсөн, дураараа аашилсан, хуульгүй мэт амьдардаг нөхдөд сануулга өгч байгааг олон хүн дэмжиж байна. Манайх одоогоор таван гишүүнтэй. Ер нь олон хүн гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн. Машинаа буруу тавьдаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг хүмүүсийн үзэгдлийг эсэргүүцэж хамтарч ажиллахыг хүсч байгаа хүмүүс бий.
-Машинаа буруу байрлуулж зогсоосон, дүрэм зөрчсөн жолооч нарын машин дээр наалт наагаад хэр хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу?
-Удаагүй. Ер нь нэг удаа наалт наалгасан машины жолооч дахин бусдын эрхийг зөрчиж, хориглосон газар машинаа тавьж хүмүүст саад болохгүй байгаа гэж бодож байна. Бид хэн нэгэнд хариуцлага тооцох биш сануулах, ухамсарлуулах зорилгоор наалт нааж байгаа. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэж үг бий шүү дээ. Бусдын эрхийг зөрчиж байгааг нь сануулахаар ичих, ухамсарлах ухаан хүн бүрт бий байх. Тэр утгаараа бидний ажил үр дүнд хүрч байгаа.
-Олон хүн сануулах хуудас авах хүсэлтэйгээ илэрхийлсэн гэлээ. Ямар шаардлагыг хангасан хүмүүст сануулах хуудас тарааж байгаа вэ. Нэгийгээ чадах гэсэн буруу зорилготой хүн ч байхыг үгүйсгэхгүй.
-Сануулах наалт тараахгүй байгаа. Зөвхөн бүлгэмийн цөөн гишүүнд наах эрхтэй хуудас өгч байгаа. Бидний наалт бүлгэмийн тусгай нууцлалтай. Тиймээс өөр хүмүүсийн хуурамчаар гарган, манайхаас өөр зорилгоор наасан наалтад бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг хэлмээр байна.
-Хууль, дүрмийг төрийн албан хаагч л сахиулах үүрэгтэй гэж ойлгодог хүмүүс олон. Сайн дураараа нэгдсэн залуус бусдад сануулга өгөхөөр хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?
-Заавал цагдаа гэлтгүй ард иргэд бие биедээ шаардлага тавьж байх хэрэгтэй. Бидний эхлүүлсэн ажлыг олон хүн эерэгээр хүлээж авч дэмжиж байгаа. Дүрэм зөрчөөд наалт наалгасан жолооч нар бидэнд өс санаж, сөрөг талаас нь хүлээж авахгүй гэдэгт итгэж байна. Харин ч дахин дүрэм зөрчихгүй байхын тулд хичээх хэрэгтэй болов уу.
-Тэгвэл машиндаа наалт наалгасан хүмүүс заналхийлэх, сүрдүүлэх тохиолдол гарч байна уу?
-Тийм тохиолдол мэр сэр гарсан. Хүмүүс машин дээрээ наалт наалгалаа гээд биднийг заналхийлж өс санаж явах биш харин өөрөө өөртөө дүгнэлт хийн дүрмээ баримтлах, бусдад саад болохгүй байхад анхаарах хэрэгтэй болов уу. Бусдадаа ч гэсэн энэ тухай сануулга өгч байгаасай.
-Бусдын хөрөнгөд халдсан гэх зарга бас гарч магадгүй. Хуулийн хүрээнд та бүхэн өөрсдийгөө хамгаалах юм байгаа биз дээ.
-Бусдын хөрөнгөд халдах зүйл байхгүй. Харин ч бид хамгаалж өөрсдийн техник хэрэгслийг зөв газар зөв зогсоож гарч болзошгүй осол болон хорлон сүйтгэх эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа. Жишээлбэл машинаа зам дээр болон бусдын машиныг хааж тавьснаас болж бухимдсан жолооч машин тэргийг нь зурах, шүргэх гэх мэт эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг.
-Бусад улсад иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг залуус олон бий. Тэдний үйл ажиллагааг судалсан уу. Танайхан Оросын залуусаас санаа авсан гэсэн үү?
-Оросын “Стоп хам” бүлгэмээс ерөнхийдөө санаагаа авсан байгаа. Орос гэлтгүй их олон улс оронд яг ийм чиглэлийн үйл ажиллагаа явагддаг.
-Санхүүжилтээ хэрхэн зохицуулж байна вэ. Ашгийн бус байгууллага ч гэсэн наах цааснаас эхлээд зардал гардаг байх?
-Мэдээж зардал гаралгүй яахав. Одоогоор бид өөрсдөө л болгож байна даа. Цаашдаа биднийг дэмжих албан газар, хувь хүмүүстэй хамтрахад бид бэлэн байгаа.
-Замын цагдаагийн газраас дэмжлэг бий юү. Төрийн байгууллагатай хамтарч ажиллах боломжтой юу?
-Одоохондоо байхгүй. Ер нь Замын цагдаагийн газартай болон бусад байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн.
-Гараажаа таглуулсан, эсвэл машиныг нь таглаад зогсчихсон байвал танай бүлгэмд хандвал туслах уу?
-Ганц нэг удаагийн тохиолдлоор таглуулсан зүйлд бол очиж амжихгүй байх. Байнга таглаж зогсдог этгээдүүдэд бол очиж наалт нааж сануулга өгч болно оо.
-Та нар нэр, утсаа шаггүй нууцалдаг бололтой?
-Аюулгүй байдлаа хангах үүднээс нуухаас аргагүй байгаа. Фейсбүүкээс “дүрэм зөрчигчдийг хашраах бүлгэм” нэрээр бидэнтэй холбогдож болно.
http://www.dnn.mn