АТГ будилаан үүсгэв
2015/09/16
Өчигдөр УИХ Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авсан билээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авах саналыг гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэн. Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг 83.1 хувийн саналаар хүлээж авав. Эцэст нь тогтоолыг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталсан юм.
Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг 360 сая ам.доллар нууж байсныг АТГ илрүүллээ гэх дуулиан гарсан. Хэд хоногийн дараа ам.доллар биш төгрөг байж, эндүүрэл гарсан хэмээгээд дуулиан намжсан билээ. Мөнгөн тэмдэгт ялгадаггүй Авлигатай тэмцэх газрынхан энэ удаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах олон тэрбум төгрөгийг буруу тооцож УИХ-ын гишүүдийг төөрөгдүүлжээ. УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр үүнийг дэлгэсэн юм.
Авлигатай тэмцэх газар 114 хүний холбогдолтой 350 тэрбум төгрөг өршөөлд хамруулах тухай өмнө нь мэдээлж байсан. Гэтэл өчигдөр гишүүдэд тараасан мэдээлэлдээ 32 тэрбум гэсэн тоо дурджээ. Мөн хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн нэрсэд УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нар байсан ч нэгийнх нь нэр хасагджээ.
Энэ тухай гишүүд лавлахад, АТГ-ын дэд дарга н.Нямдорж “Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тавьсан асуултын хүрээнд бид дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгсөн. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу нууцаар байнгын хороонд гаргаж өгсөн” гэв.
Харин хоёр гишүүний тухайд ямар ч тайлбар өгсөнгүй. УИХ- ын дарга З.Энхболд “350 гэсэн тоо гараагүй юм байна шүү. 32 тэрбум юм байна” гэж залруулга хийв. Ийн АТГ анх мэдээлсэн тоогоо хэд дахин бууруулж өршөөлд хамруулах мөнгөн дүнг будилуулжээ.
Ингээд УИХ-ын чуулган завсарласны дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн шийдвэрийн төслийг хэлэлцэж нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулахаар төлөвлөсөн байв.
Хуралдаан 17.50 цагт 68.4 хувийн /19-13/ ирцтэйгээр эхэлсэн. Байнгын хорооны дарга хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд тараагдсан бичиг баримтын зарим нь нууцын зэрэглэлтэй зүйл байгаа учир хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргав. Түүний горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар ажилласан бөгөөд ажлын хэсгийн боловсруулсан саналыг байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Улмаар ажлын хэсгийн санал, боловсруулсан шийдвэрийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Хэдийгээр гишүүд ажлын хэсгээс боловсруулсан саналын төслийн талаар байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ч хэлэлцэж буй асуудлаар ажлын дэд хэсгээс тодруулга шаардлагатай байсан юм. Иймд тус байнгын хорооны дарга Д.Ганбат ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс Авлигатай тэмцэх газрын удирдлагууд хуралдаанд ирэхгүй байгаа нь хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгож байна. Холбогдох асуудлаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл авсны дараа хуралдааныг үргэлжлүүлье. Хуралдаан завсарлалаа хэмээн мэдэгдсэнээр байнгын хорооны хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулахаар тогтлоо.
Г.Мягмарсүх
new.mn
Зочин · 2015/09/16
Uldsen 300 terbum tugrugiig ni arai uur nertei huuli batlaad urshuuh gej bgaa biz dee kkk
Зочин · 2015/09/16
bugd lhahuuli avsan l bna shdeee.!!!