Нийслэлийн Засаг дарга А/769 тоот захирамж гарган , тусгай зориулалтаар тоноглосон гурван төрлийн ачигч, чирэгч 12 автомашиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдаж авсан.

Харин Өнөөдөр нийслэлийн хэмжээнд ачилтын 13 компани бий болсон байна. Уг нь автомашин ачих эрхийг хувийн компаниудад олгож байхад гурван компани байсан бол одоо тоо өссөн байна. Яагаад олон компаниуд ихээр бий болов? 

 

Э.Бат-Үүл даргын захирамжаар нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж журамлах захирамж гарсан. Тэрээр нэгдүгээр эгнээнд машин тавих нь замын хэт бөглөрөл үүсгэж байна гэж үзсэнээс ийм шийдвэрт хүрсэн байна. Анх захирамж гарахад жолооч нар зөв хэмээн дэмжиж байсан ч өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж байна.   Учир нь хамгийн цэвэрхэн ямар ч алдагдалгүй ашигтай бизнес болсон учраас хүмүүс шуурсан нь тэр. 40-60 сая төгрөгөөр ачигч, чирэгч машинаа аваад дуртай машинаа ачаад явахад нэг машинаас 55000 төгрөг  авчихна.

 

Энэхүү торгуулийн мөнгө 100хувь ачилт хийсэн компанийн орлого болдог. Уг нь журмандаа утас руу залгана, мессеж явуулна гэдэг. Гэвч хэдэн төгрөг идэхийн төлөө машинаасаа буулаа юу, үгүй юу ачаад явдаг болж.. Мэдэхгүй нэгэнд нь анхаарулахгүй, чимээгүй харж байгаад буугаад явахад нь сэмхэн ачаад явах нь холгүй байдгийг иргэд шүүмжилдэг. Хориглосон газарт  тавьсан автомашиныг ачихаас биш  байрны гадна тавьсан машиныг ачиж явах нь дээрмийн үйлдэл  бөгөөд зогсож буй машин  болгоныг мөнгө хэмээн харж болмооргүй.

 

 Ачилтын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол санал их байгаа учраас “Автозамын нэгдүгээр эгнээнд хууль зөрчин байрлуулсан автомашиныг ачиж журамлах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, төслийг батлахаа түр хойшлуулсан байгаа. Энэхүү шинэ журмаар автомашины ачилтын хөлс нэмэгдэж жижиг оврын автомашиныг 60, жийпийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох санал  гаргасан байна. Мөн өнөөдрийг хүртэл ачилт хийж байгаа аж ахуйн нэгжүүд 100 хувь орлогоо авдаг байсныг болиулж 10 хувийг нь улсад төвлөрүүлдэг болох гэнэ.

 

Одоо мөрдөж байгаа журмаар нэгдүгээр эгнээнд машинаа байрлулсан жолооч нарыг торгож байгаа бол журамд өөрчлөлт оруулснаар тодорхой есөн байрлалд автомашинаа байрлуулсан тохиолдолд ачиж журамлах гэнэ. Компанийн орлогын тодорхой хувийг улсад төвлөрүүлэх нь зөв ч ачилтын хөлс нь нэмэгдчихээр харин ч иргэдэд дарамт болж байна.