Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын Холбооны санаачилгаар “Өвөрхангай аймгийн Ирээдүйн манлайлал”-2015 сургалтыг энэ сарын 18-20 өдөр Баянзүрх дүүргийн Иргэний танхимд зохион байгуулахаар болжээ.

Уг сургалтаар залуучуудад үнэт зүйл, оролцоо, хувь хүний хөгжил, илтгэх урлагийн хичээлүүд орж манлайлагч хүнд байх ёстой чадваруудыг эзэмшүүлэх юм байна.

Энэхүү сургалтанд Улаанбаатар хотноо суралцаж, ажиллаж амьдарч байгаа Өвөрхангай аймгийн 19 сумын оюутан залуучууд хамрагдахаар болжээ. Өвөрхангай аймгийн Залуучуудын байгууллага  ихэвчлэн урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг байсан бол энэ жилээс залуучууддаа оюуны хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа аж.

“Өвөрхангай аймгийн Ирээдүйн манлайлал”-2015 сургалтыг “Оюуны хөгжлийн институт”, “Монголын хүний нөөцийн боловсрол олгох төв” хамтран зохион байгуулж байгаа юм байна.