тойм-7
2015/09/19
Улс төрд нэлээдгүй олон асуудлууд өрнөсөн долоо хоног боллоо. Олны анхаарлыг татсан хамгийн онцлох үйл явдал нь С.Баярыг цагаатгасан гэв. Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баярын талаарх ноцтой баримтуудыг дэлгэсэн. Үүний дагуу түүнийг АТГ-т шалгаж байгаа гэдгийг тус газраас УИХ-ын гишүүн Г.Уянгад албан ёсоор мэдээлсэн байгаа. Энэ хэрэг ямар шатандаа байгаа талаар УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Г.Уянга тодруулахад, АТГ-ын дарга Нямдорж "Хэргийг шалгах ажлыг зохион байгуулж, дуудаж асуулга, тодруулга хийсэн байна. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан” гэдгийг албан ёсоор мэдээлсэн юм.
Нийгэмд сэрэмжлүүлэх үйл явдлууд ихээр гарч байна. Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8, 10, 13 хороонд гэртээ харьж явсан иргэдийг айлган сүрдүүлж өмсөж явсан хувцас, гар утас, мөнгө зэргийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж, гэмт этгээдүүдийг илрүүлсэн байна.
Дээрх хэргийг Төв аймгийн харьяат Улаанбаатар хотод суралцахаар ирсэн 18-20 насны М, Т, О, П нар нь бүлэглэн, иргэдийг хэрцгий аргаар зодож дээрэмдсэн аж. Гэмт этгээдүүдийг тус дүүргийн цагдаагийн дэд хэсгийн хэв журмийн цагдаа, ахлагч Х.Баттулга, дэд ахлагч М.Цэнд болон Авто эргүүлийн 113, 112, 67 чиглэлийн алба хаагчид хамтран эрэн сурвалжилж, баривчилсан байна.
Монголын арми дэлхийд 82-т жагслаа.“ Global Firepower ” цахим сэтгүүлийн судлаачид 2015 оны байдлаар дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг армитай улс орнуудыг нэрлэжээ.Чансааг гаргахдаа зэвсгийн тоо, агаарын болон тэнгисийн цэргийн хүчин чадал, дэд бүтэц , хүний нөөц, байгалийн баялгийн нөөц, нисэх буудал, усан боомт авто зам зэрэг 50 гаруй үзүүлэлтийг нэгтгэн дүгнэсэн байна.
Энэхүү жагсаалтыг батлан хамгаалах салбартаа 577 тэрбум ам доллар зарцуулдаг АНУ тэргүүлсэн бол ОХУ удаалж , БНХАУ 3-р байрт оржээ.Хэдийгээр БНХАУ –ын цэргийн байдал ОХУ- аас их байгаа ч зэвсгийн тоогоор ОХУ давуу байгаа нь нөлөөлсөн гэж үзэж байна.
126 орны цэрэг армийг багтаасан энэхүү жагсаалтад манай улс 86-р байрт орсон байна.Судлаачид “Монголд нийт 1.789.738 цэргийн алба хаах чадвартай хүн байна.Жил бүр 60.477 залуу цэргийн насанд хүрч байна. Батлан хамгаалах зардал нь 70 сая ам доллар гадаад өрийн хэмжээ 4.954 тэрбум ам доллар , алт валютын нөөц зургаан тэрбум ам доллартай тэнцэнэ.Том нисэх буудал,боомт байхгүй, 420 танк 640 хуягт машинтай Байлдааны 10 онгоц, долоон нисдэг тэрэгтэй” гэж дүгнэжээ.
ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав. Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар цалин нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны 2 дугаар улиралд нийт 35.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Эгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 853.9 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 804.4 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 903.7 мянган төгрөгийн цалин авч байгаа ажээ.
Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 67.2 мянган төг буюу 8.5 хувиар, өмнөх улирлынхаас 2.5 мянган төгрөг буюу 0.3 хувиар нэмэгджээ.
Спортынхон ар түмэндээ баярт мэдээг дуулгалаа. АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд оролцсон чөлөөт бөхийн баг тамирчид эх орондоо ирлээ. Монголын баг тамирчид С.Батцэцэг алтан медаль, С.Цэрэнчимэд мөнгөн медаль, П.Өнөрбат мөнгөн медаль, Б.Номин мөнгөн медаль, Э.Бэхбаяр хүрэл медаль тус тус хүртсэн юм. Харин ДАШТ-ний багийн дүнгээрээ Монгол, 41 оноогоор дөрөвдүгээр байрыг эзэлсэн амжилтыг үзүүлэв.