Бид хөгшин ээж, хоёр балчир хүүхдийнхээ хамт амьдардаг, барилгын осолд орж хүнд гэмтсэн У.Галхүү гэх залуугийн талаар өмнө нь Энд мэдээлсэн.

Ослын улмаас нуруу болон хоёр хөл нь хугарч, Улаанбаатар хотод удаа дараа хагалгаанд орсон байна. Үүнээс гадна бие нь сайжрахгүй байсан тул дахин нарийвчилсан зураг авахуулсанд нугас нь дарагдсан байжээ. Иймд дахин хагалгаанд орох шаардлагатай болж, зардлыг нь тогтоолгон, “Мөнх шувуут” ХХК, “Шүдэн-Уул”ХХК-аас шаардагдах зарим өртөг болох 26,120-29,990 ам долларыг гаргуулах хүсэлт  тавьсан байна. Гэвч тус компаниуд үүнийг хүлээж аваагүй бөгөөд шүүхэд очих дээрээ тулж, өнөөг болтол шүүх хурал хойшилсоор байгаа гэнэ.

Шүүх шинжилгээний дүгнэлт нь "Хүнд" бэртэлтэй гэж гарсан байна. Ямар ч хүн харсан үйлдвэрлэлийн осол гэдэг нь тодорхой атал тухайн ослыг ахуйн осол гэж гаргаад байдаг, нөгөө дургуйд хүчгүй гэдэг нь энэ юм болов уу даа.

Тэрээр өнөөдөр эд хийж бүтээх насандаа хөдөлмөрийн чадвараа 80%-иар алдаж, даруй хагалгаанд орохгүй бол энэ чигээрээ суугаа болж ч магадгүй эрсдэлд тулаад байна. Түүнтэй өнөөдөр түүнд тулгараад байгаа асуудлын талаар цөөн хором ярилцлаа.

Группээ он гартал зээлээд өмгөөлөгчийн мөнгөө өгөөд өмгөөлүүлээд байж байна

- “Мөнх шувуут”, “Шүдэн-Уул”  гээд компаниуудтай шүүхдээд явж байгаа юм байна. Энэ асуудал ямар шатандаа явж байна?

- Цаг хугацаа маш их алдаж байна. “Мөнх шувуут”, “Шүдэн-Уул” болон хариуцаж байсан инженер гуравтай шүүхдэж байгаа. Анх 2014.03.30-аас хойш шүүхдээд өдий хүртэл явж байна. Энэ удаагийн шүүх хурал нь гурав дахиа болох гэж байна.  Анхан шатны шүүх хурал нь нөгөө компаниудын талд гарсан.  Тэгээд бид нар давзаалзаад ахиад шүүх хурал болох гэж байгаа. Надаас гадна нэг хүн хамт осолдсон.

- Тухайн үед яг ямар осол болсон юм бэ?

- Өргөх төхөөрөмж гээд тороосоор дээшээ явдаг 380-аар ажилдаг төхөөрөмж байдаг. Таван давхар барилга дээр ажиллаж байсан. 2014. 03.30 өглөө ажилдаа гараад гадна  талын өнгө будаж байгаад доошоо буух гэтэл нөгөө өргөх төхөөрөмж маань гэнэт гацаад, тэгтэл бэхэлгээ төмөр нь тасраад тэр чигээрээ доошоо унасан.

- Тэр барилга нь яг аль компанийх нь юм бэ?

“Мөнх шувуут” компанийн захиалагчтай “Шүдэн-Уул” компани гүйцэтгэгчээр ажилж байсан.

- Тухайн ослын үед ямар нэг хамгаалалтын бүс, каск малгай зэрэг зүйлс байгаагүй юм уу?

- Тийм юм байгаагүй. Анхнаасаа хөдөлмөр хамгаалалын зааварчилгаа, хувцас зэргийг өгч байгаагүй. Барилгын компаниуд ажлын хувцас, хамгаалалтын малгай зэргээр хангадаг ш дээ. Тэнд ямар ч тийм юм байгаагүй. Бид нар бээлийгээ хүртэл өөрсдөөсөө гаргадаг байсан.

- Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ гэж байгуулсан уу?

- Хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй байсан. Би зургаан сар ажилчихсан байсан. Энэ барилгын ажлаа дуусаад ахиад нэг барилга барина. Тэр үедээ хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж амаар яриад явж байсан. Хамгийн гол нь хэн ч харсан энэ осол үйлдвэрлэлийн осол байгаа. Тэгтэл үүнийг ахуйн осол гэж гаргаад байгаа.

Өмгөөлөгчөө хэдэн төгрөгөөр, яаж авч ажлуулж байгаа вэ?

- Өмгөөлөглөгчөө УБ-аас авах гээд судалж үзсэн, их үнэтэй юм байна лээ. Нэг удаагийн шүүх хуралд л гэхэд өмгөөлөгчийн үнэ 2 сая, тэгээд нааш цааш явах унааний нэг сая төгрөг хэрэгтэй гэсэн. Тийм болохоор орон нутгаасаа өмгөөлөгч 500-800 мянган төгрөгөөр авсан./нэг удаагийн шүүх хурлын өмгөөлөлийн төлбөр/

Би өөрөө өрх толгойлсон эцэг, группээс өөр орлогогүй хүн чинь өмгөөлөгчийн хөлсөө өгч чадахгүйд хүрсэн. Сая сүүлийн шүүх хурал дээр өмгөөлөгчийн хөлсөө өгөхгүй бол өмгөөлөгч маань татгалзах хүсэлт тавьчих гээд болдоггүй. Группээ он гартал зээлээд өмгөөлөгчийн мөнгөө өгөөд өмгөөлүүлээд байж байна.

- Шүүхийн шинжилгээний дүгнэл яг юу гэж гарсан юм бэ?

- Шүүхийн шинжилгээний дүгнэлт хүнд гаргасан байгаа

 

“Мөнх шувуут”, “Шүдэн-Уул”  гээд компаниууд нэгч төгрөг гаргаагүй

- Осолд орсны дараа тухайн компаниуудаас ямар нэг байдлаар туслалцаа үзүүлсэн үү?

- Яг үнэндээ тухайн хоёр компаниас нэг ч төгрөг гаргаагүй. Харин хөдөлмөр хамгаалалтын инженер залуу маань миний буруугаас болж хоёр хүн унаж хэвтэрт байгаа юм байна, би ямар ч байсан хүнээ эмчлүүлнэ гээд өөрийн хувийн мөнгөөр бид хоёрыг хагалгаанд оруулсан. Бид хоёрын анхны хагалгаанд тус бүрт нь бараг найман сая төгрөг гаргасан. Хагалгааны дараа эмчилгээ , эм тарианд хэрэг болно гээд бид хоёрт тус бүрт нь 11 сая төгрөг бас хувиасаа өгсөн. Бид хоёрыг аль болох босгочихъё гээд  яваад байгаа.

Миний гаргасан энэ мэдээний дараа тухайн инженерийг “Шүдэн-Уул” компанид ажилладаг байсан болохоор бид хоёрт компанийн зүгээс хагалгаа, эмчилгээнд мөнгө гаргаж өгсөн гэсэн худал мэдээлэл яваад байна л даа. Энэ мөнгийг тэр инженер маань хувиасаа гаргасан. Тийм болохоор ийм яриа явахаар нөгөө инженерийн маань хөлс хөдөлмөр, бид хоёрыг гэж гаргасан сэтгэл нь  юу ч үгүй болж, үнэгүйдэж байгаа байхгүй юу. Хүний хийсэн хөдөлмөрийг хүндлэхгүй бол болохгүй гэж бодоод л байна. Тэр хүн маань энд нэг сайн тариа байна, тэнд ийм юм сайн байна гээд өөрөө санаачлаад авч ирж өгөөд сэтгэл гаргаж байсан. Тэгэхэд “Шүдэн-Уул” компанийн зүгээс бие нь яаж байна гээд ганц ч удаа ярьж байгаагүй.

- Нугас нь дарагдсан гэдгээ яаж анх оношлуулав?

Хамгийн анх Улаанбаатарт ГССҮТ дээр хагалгаанд ороод бие сайжрахгүй болохоор нь “Гранд мед” эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд нугас дарагдсан,  17-18 сая төгрөгний хагалгаа байна. Даруйхан хагалгаанд ор, эдгэрч хөл дээрээ босоод ирнэ гэсэн. Тэгээд үүнийгээ тухайн компаниас нэхэмжилсэн чинь гаргаж өгөхгүй байсаар байгаад цаг хугацаа алдаж одоо бүр хүндрүүлчихлээ. Монголд найдвар багатай гэсэн. Солонгос руу явуулсан чинь найман сараас илүү удсан болохоор боломжгүй гэсэн хариу өгчихөөд байдаг. Тэгээд Тайландын “Бумрунград” олон улсын  эмнэлэг рүү Монгол дахь төлөөлөгчийн газраар нь дамжуулан хандаж, очиж эмчилгээ, оношлогоонд ороход урьдчилсан байдлаар 26,120-29,990 ам доллар хэрэгтэй гэсэн.

- Монголд энэ хагалгааг хийх боломжгүй гэсэн юм уу?

- Хугацаа их өнгөрсөн болохоор бороолоод идгэчихдэг юм байна. Мэргэжлийн хэлийг нь мэдэхгүй юм. Хар ухаанаар бодож хэлэхэд алх дөш барьж байгаад  салгаад буталж авдаг л гэнэ.

Хагалгаанд орсноос хойш өвдөөд байхаар нь Гэмтэлдээ эргээд хандсан чинь “бид нар авах арга хэмжээгээ авсан, хувь хүний бие, сэтгэлийн тэнхээ л мэднэ, гайгүй болчих байх, харж байхгүй юу даа” гэсэн. Хагалгаа хийлгэсэн эмч маань төмрөөр хадсан болохоор MRI хийлгэж болохгүй, хайлчихна гэсэн болохоор болохгүй гээд яваад байлаа. Тэгээд сүүлдээ  сайжрахгүй болохоор нь 2014 оны 5 сард “Гранд мед “ эмнэлэгт үзүүлсэн MRI болохгүй, компюьтер граффик хийнэ гээд, тэгсэн нугасны даралттай байсан.

“Гранд мед” төлбөр өндөртэй болохоор ГССҮТ-д эргээд хандаж нугас дарагдсан зургаа харуулсан чинь эмнэлэгийн зүгээс өөрсдийнх хийсэн хагалгаагаа ахиад хийж болно. Хамгийн гол нь хүний арьс чинь их нэмгэн, нэг оёдлоо ахиж задалж болдоггүй юм. Тийм болохоор урдаас нь ахиж /гэдэснээс нь/ хагална. Ер нь найдвар хэцүү ш дээ, нугасны даралтыг чөлөөлөхөд хэцүү, харж байхгүй юу гэж хэлсэн.

- Одоо эмнэлэгээр явж, ямар нэг эмчилгээ хийлгэж байна уу?

- Түүнээс хойш 11 сая төгрөгөөрөө зарим хувийн эмнэлэгээр явсан. Ор хоног, нугасны тариа гээд мөнгө их хэрэг болох юм. Нэг ширхэг тариа гэхэд л 15-20 мянга. Эмчилгээ хийхгүй яваад байхаар биеийн хэсэг үхжих гээд харлаад болдоггүй. Тэгж явсаар мөнгө маань дуусаад, он гарсаар эмчилгээгээ зогсоочихоод гэрт л байна даа.

- Таны нөхцөл байдлыг ойлгож, Монголчууд маань туслах байх аа. Бид эргээд холбогдоно.

- Мэдээллээ фэйсбүүкт байрлуулснаас хойш над руу хүмүүс холбогдож сайхан сэтгэлээр их тус болж байгаа. Тэр хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлж байна.


“Монголын минь элэг нэг хүмүүсээ надад туслаач. Намайг хүү, охин хоёрынхоо төлөө болон  тэтгэврийн ээжийнхээ төлөө босоход минь туслаач” энэ бол та бидэнд хандсан У.Галхүүгийн чин хүсэл.

Хандивийн данс: Хаан банк 5720416061Уунаа овогтой Галхүү, утас: 95020404

 

Шүүхийн шинжилгээний дүгнэлт

 

Ослын тухай шинжээчийн дүгнэлт

Нэг сарын дотор өөрөө барьсан, хүүхдүүдтэйгээ амьдарч буй байшин нь

 

Осол болсон таван давхар барилга

 

Ярилцсан Д.Үржинбадам

Эх сурвалж: www.TODAY.mn