Энэ зүйр үгийг хэрэглэх нь зөв үү, буруу юу. Ямартай ч манай нийтийн тээврийн салбар шинэчлэл хийсэн биш "сахил хүртээд шал дордов” гэдэгтээ адилхан болоод байна. Итгэхгүй бол өглөө ажилд явах үе, орой ажил тарах үеэр автобусны буудлууд дээр очоод үз л дээ. Маш олон хүн хаашаа, юунд сууж явахаа мэдэхгүй бөөгнөрөлдөн зогсож байна. Өмнө нь ийм байсан. Гэхдээ чихэлдээд ч болов гэрийнхээ ойролцоо буучихдаг байлаа. Одоо чихэлдэх ч автобус алга.Гэртээ харина гэвэл заавал ч үгүй дамжих шаардлагатай болчихлоо.

 

 

Хотын төвөөр "Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн маш олон автобус ар араасаа "гал тэрэг” шиг цуваа үүсгэн явж байгаа. Эдгээр дунд нөгөө олон саяын үнэтэй угсраа автобус ч бас бий. Эхний хэдэн автобус хүнтэй харин сүүлийн хэд нь хоосон шахуу.

Гэтэл хотын захаас төв рүү чиглэсэн автобус тун цөөн. Зарим чиглэлд байхгүй гээд хэлчихвэл хатуудахгүй биз.

 

Сонгинохайрхан дүүргээс хотын төв орохоор бол заавал хоёроос гурав дамжих шаардлагатай болчихлоо. "Зүүн салаа, 13 дугаар хороолол, Зах” гэсэн автобус явах нь явна. Гэвч энэ автобусанд суух нь тэнгэрийн умдаг атгасантай адил. Эцсийн буудлаас дүүрчихдэг учраас завсрын буудал дээр зогсох хүмүүсийг орхих нь элбэг байдаг.

 

Манай "баатар” дарга нарын гаргасан гайхамшигт шийдвэрийн үр дүн энэ шүү дээ. Автобуснууд нь хотын төвөөр "хоосон” холхиж, харин яг автобусанд суух ёстой зорилтод бүлэг нь хотын захад буудалдээр горьдлогын харцтай алсыг ширтэж зогсоно.

 

Яагаад зорилтод бүлэг вэ гэвэл. Хотын төвийнхөн автобусанд суух онцын шаардлага байхгүй. Хэрвээ автобус хүлээгээд ажлаасаа хоцрох гээд байвал такси бариад л явчихна. Үнэлгээ нь ойролцоо. Харин хотын захынханд автобус шиг хөл залгуулах унаа байхгүй. Ер нь тэнд хэн амьдардаг вэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй "баатар” цолтон мэдэж л баймаар. Гэтэл "хүнсний 20-ынхон”, "андуудынхан”-д зориулсан чиглэлийг онцгой анхаарч, бүр угсраа автобус хүртэл худалдан авсан мөртлөө, "долоо буудлынхан”, "нарангийн голынхон”, "баянхошууныхан”-г мартаж орхисонд гомдоллоод барашгүй нь.

 

Тиймээ би, бид хотын захад амьдардаг. Гэхдээ Улаанбаатар хотын иргэн. Харин хотын дарга таны гаргасан шийдвэр хотын захынхан биднийг хохироогоод байна. Хоосон шахуу давхилдаж буй автобуснуудыг манай чиглэлд явуулаад л өгчихвөл. Олон дамжих шаардлагатай бол дахин төлбөр төлөхгүй болгоод л өгчих. Өөр юу ч хүсэхгүй.

 

А.Аюуш