“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдантай ярилцлаа.

-Ноён ууланд олборлолт явуулахыг эсэргүүцсэн тэмцлээр та нөхдийг ард түмэн мэднэ. Гэтэл одоо та бүхний тэмцлийн үр дүнд тус ууланд нинжа нар орчихлоо гэж нийгэм даяараа ойлгож байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Босоо хөх монголчууд Ноён уулыг канадуудад өгөхгүй гэж тэмцээд эцэст нинжа нарыг тэр ууланд оруулчихлаа хэмээн ярьж байна л даа. Хэдхэн хүмүүс ийм зүйл ярьж, үүнийг нь худалдагдсан хэвлэл мэдээлэл цааш нь дамжуулж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа гэдэг нь ойлгомжтой зүйл. Энэ бол дэлхийн аль ч том уул уурхайн ордтой газруудад яригддаг л яриа. Авлигад автсан эрх баригчидтай орнуудад үүсдэг тэр л процесс. 

Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд Сэлэнгэ аймгийн удирдлагууд, Мандал сумын засаг дарга, Түнхэл тосгоны засаг дарга гэх мэт улсууд өөрсдөө нинжа нарыг уриалан дуудсан юм шүү дээ. Маш далдуур. Орон нутгийнхаа иргэдэд, наад уулыг чинь тэртэй тэргүй гадныханд өгөх гэж байна тэрнээс нь өмнө жаахан юм ухаад ав гэж хэлсэн байгаа юм. Үүний дараа залгаа аймаг, сумуудынх нь бөөн хүмүүс очоод алт ухаж эхэлсэн. Нинжа гэж яриад байгаа болохоос бүгд л хувиараа алт олборлож байгаа ядарсан иргэд. Өнөөдрийн байдлаар Ноён ууланд 250 гаруй ийм хүмүүс байна. Тэнд алт ухаж байгаа хүмүүсийн тухайд ерөнхийдөө нийгмээс тусгаарлагдсан гэж хэлж болно. Учир нь ямар ч хяналт, зохион байгуулалт гэж байхгүй. Нэг нь алт ухаж байгаад шороонд дарагдаад үхлээ гэхэд тэр асуудлыг тэрүүхэндээ нам нуугаад өнгөрдөг. Энэ байдлаа цагдаа сэргийлэхэд мэдэгдчихвэл хүчний байгууллагынхан нөгөө хүмүүсийг чинь хүчээр буулгачих байх, тараачих байх гэж айгаад хүн үхсэн барьсан асуудлаа тас нуудаг бололтой юм билээ. Энэ бол маш аюултай үзэгдэл.

Бидний зүгээс энэ байдлыг олж мэдээд Мандал сумын засаг дарга Нямдаваа болон цагдаагийн даргад нь маш олон удаа шаардлага хүргүүлсэн. Ингэж шаардсаны үр дүнд тус сумын цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж өчигдөр олон тооны нинжа нарыг уулнаас буулгаж саатуулсан гэдэг мэдээ бидэнд ирээд байна. Маш олон техник хэрэгслийг нь хурааж авсан гэсэн. Нэг бодлын тэр хүмүүс эд хөрөнгөөрөө хохирч байгаа мэт харагдаж байгаа боловч цаад утгаараа хууль бус үйлдлийг таслан зогсоож, ядарсан иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг нь хамгаалж байгаа гэдэг утгаараа маш таатай мэдээ юм л даа.

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн Цэрэннадмид гуай хэлсэн байдаг. “Хоёр, гурван зуун нинжаг төр засаг нь дийлдэггүй юм бол монголд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа вьетнам, хятадууд хорь гучин мянгаараа босоод ирвэл тэдэн дээр яаж арга хэмжээ авах юм” гэж. Их хурлын дарга З.Энхболд Defacto нэвтрүүлгээр орж байхдаа ярьж байна билээ. “Ноён уулыг нинжа нарт ухуулж байхын оронд Центера гоулдад өгсөн нь ашигтай, учир нь асар олон нинжа нар зэрэг дайрах аваас төр арми хөдөлгөөд ч дийлэхгүй байдалд хүрнэ” гэж. Энэ одоо юу гэсэн үг вэ. Монгол Улс чинь өөрөө өөрийгөө батлан хамгаалах армитай улс шүү дээ. Гэтэл ийм болчимгүй зүйл ярьж байгаа улсууд  төрийг удирдан чиглүүлж байгаад үнэхээр харамсаж байна. 

Ганц Ноён уул бидний санааг зовоогоогүй. Ар араасаа асуудал дагуулж байгаа зөндөө газрууд байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Гурванбулаг сум, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорноговийн Улаанбадрах, Зүүнбаян гэх мэт газруудаас ард иргэд бидэн хандан “болохоо болилоо” гэж өдөр бүхэн утсаар ярьдаг. Сүүлд Дорнодын Халх гол сум нэмэгдэх шив дээ.

-Нэр бүхий улстөрчдийн зүгээс та бүхнийг гадны орны эрх ашгийг хамгаалж, тэднээс санхүүжилт авч Монгол Улсын эрх ашгийн эсрэг тэмцэл явуулдаг гэж ярьдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ. Ер нь Босоо хөх монгол бүлгэм санхүү мөнгөтэй холбоотой асуудлаа яаж шийддэг юм бэ?

-Аливаа нэг шударга цагаан тэмцлийг дарахын тулд улстөрчдийн зүгээс заавал хажуугаар нь хар пиар хийдэг. Ийм пиар хийж байгаа улсууд бол яг үнэндээ том, том ордуудыг ашиглах гэж санаархаж байгаа үндэстэн дамнасан корпорациудын гар хөл болсон тийм л улсууд байдаг. Улс орныхоо эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс гэж тэднийг хэлдэг юм. Тэдний зүгээс бохир пиараа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдаж авах замаар явуулдаг. Биднийг мөнгөөр жагсаж, өлсдөг л гэдэг. Үнэн хэрэг дээрээ тийм биш шүү дээ. Цалин пүнлүүгээ нэмээч,чадахгүй бол Засгийн газар огцор гээд жагсаж байсан хүмүүс бий. Харин тэр хүмүүсийн ард янз бүрийн улс төрийн захиалга байсан байхыг үгүйсгэхгүй. Бидний ард бол эх орон газар, нутгаа гэсэн сэтгэлтэй бачуурсан ард түмэн л байдаг. Үүгээрээ бид нам эвсэл, өөр бусад иргэний нийгмийн байгууллагуудаас ялгарч чаддаг гэж хэлж болно. 

-Та бүхний нэр хүнд ард түмний дунд тийм ч муугүй байна шүү дээ. Тэгэхээр ирэх 2016 оны сонгуульд Босоо хөх монголчууд нам байгуулж сонгуульд орох төлөвлөгөө байгаа юу?

-Яг одоогийн байдлаар сонгууль энэ тэр гэсэн төлөвлөгөө үнэндээ алга байна. Өнөөдрийн байдлаар 22 нам байна. Хоёр нам нь энэ улсыг төр барих нэрээр хувааж идэж байна. Бидний тухайд ард түмнийхээ дуу хоолой болоод ингээд явж байх нь илүү жаргалтай. Түүнээс биш нам эвсэл байгуулаад л, хоёр намын аль нэгэнд нь шургалаад гар хөл нь болоод явах сонирхол алга. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж нэг үг бий шүү дээ. 

Санхүүжилт гэж чи сая асуулаа. Үүнд хариулахад, бид чинь 40 гарсан залуучууд. Бүгд л өөрсдийн гэсэн компанитай, бизнестэй. Баянхонгор аймаг руу ч юм уу нэг тийшээ явах боллоо гэхэд удирдах зөвлөлийн найман гишүүн маань өөрсөд дотроосоо мөнгөө нийлүүлж, бензин тос, хоол унааныхаа мөнгийг шийдээд л явдаг. Түүнээс биш бидний үйл ажиллагаа, байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлийг үнэлээд улстөрчид санхүүжилтээр тусалж дэмждэг бол сайхан л байна. Үүний оронд тэд чинь биднийг дарж авах гэж, харлуулах гэж л тэмцэж байна шүү дээ. Бодит байдал ийм байна. Юун санхүүгийн дэмжлэг.  Эх орон газар нутгаа гэсэн сэтгэлтэй том том бизнесменүүд байдаг. Тэр улсууд биднийг дэмжих аваас үнэхээр баярлана. Гэхдээ тэдний зүгээс бидэнтэй нэр холбогдохоос айдаг.  Яагаад гэвэл Босоо хөх монголтой нэр холбогдсон хүмүүсийг, манай бүлгэмийн залуучуудын хөрөнгө орлого, юу байдаг юм тэр бүгдийг хууль хяналтынхан өнгөрсөн хугацаанд бүгдийг нь шалгасан учраас тэр. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу