Энд тэнд юм уншиж суухад Монголдоо амьдардаг улс л Монголыг хөгжүүлэх гээд л аягүй тэмцээд, хөдөлмөрлөж зүтгээд харийн нутагт амьдарч байгаа хүмүүс нь хар амиа хоохойлоод л наанаа байдаг ш дээ гэж их ярьцгааж бичицгээх аж. Өнөөдөр би Америкт есөн жил амьдрахдаа ар гэр, ах дүүс үрүүгээ их бага хэмжээгээр мөнгө, хувцас гутал, хоол хүнс зөөгөөгүй нэг ч Монголыг хараагүй. Цалин буулаа татвар татаасаа төлөх ялтай хүн шиг л Монгол уруу ямар нэгэн байдлаар явуулаастай. Харийн нутагт амьдарч байгаа хүмүүс хар амиа хоохойлоод энд байгаа юу?!? Эх орондоо байгаа та өнөөдөр Америкийн виз гарахад л харийн орныг хэзээ ч зорихгүй байлаа юу, ёстой залуусын хэлдгээр харагдаач гээд хэлчихье. Харьд амьдарч гэр бүл ах дүүдээ дэм болж түүний үр шимээр олон айл орох орон, хоол унд өмсөх хувцастай, тэр ч бүү хэл олон нууц амрагуудыг хүртэл давхар тэжээж байгаа нь нууц биш шүү .Төрийн томчууд баячуудын дийлэнх нь ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө гадагшаа гарч казино тоглож, харьд үнэтэй хувийн байр орон сууц худалдан авч байхад харьд амьдарч хэзээ буцахаа үл мэдэх, зарим нь буцаж ч амжихгүй нүдэн дээр минь үхэж үрэгдэж байгаа Монголчууд хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө эх орондоо байр авч ах дүү, ээж аав хэн нэгнээ орогнуулдаг. Улс эх орны хөгжил дэвшилд гар биеэр, холоос гэх хоёр янзаар хөрөнгө оруулалт хийгддэг. Тодорхой тоо статистик дүн гаргавал гадаадад ажиллаж амьдарч буй хүмүүсийн оруулж буй валют, Монголдоо амьдарсан нэртэй хамаг баялаг самар жимс, мод, ноос ноолуурнаасаа эхлээд бүр байгаад чулуугаа хүртэл харьд гаргаж, зөөж ард түмнээ эд баялагаа зөвхөн хар аминыхаа төлөө гаргаж идэж барж байгаа ардууд, иргэд, за тэр дээдэс луйварчидыг бол тоочилтгүй шүү . Эх орныхоо газар нутгийг хүртэл сөөм сөөмөөр нь харийнханд дээдэс доодосгүй зарж байгаа шүү. Ядаж л харьд одсон бид мэт нь хар ажил хийж олсон хэдэн доллараа эх орон ах дүү, ээж аав уруугаа явуулахаас эх орныхоо сөөм газрыг зарж идээгүй, атга самрыг нь хилээр гаргаагүй шүү. Харьд амьдралынхаа хэдэн жилийг барж ах дүү, гэр бүлдээ, эх орондоо нэмэр хандив өргөж байгаа хүмүүсийг нулимж байдгаа больцгоовол таарна. Монголчууд биднийг төрийн байгуулагын хүнд суртал, бидний өөрсдийн аминч зан, жалга довны үзэл бодол хэзээ ч хөгжилд хүргэхгүй ээ. Тиймээс талцаж бие биенээ сайн муугаар хэлэхдээ биш, өөр өөрийн хийж байгаа ажилаа асуудалгүй чирэгдэлгүй хийж сурах л бидэнд хөгжилд ойртох гүүр болох бус уу. Өдөржин шөнөжин боолын хөдөлмөр хийж ард үлдсэн амьдралаа дээрдүүлэх гэж зүтгэж яваа дэлхийгээр нэг тархсан "хулгай хийж эх орныхоо нэрийг хугалдаг" Монголчуудаас бусдыг нь харин ч нэг өмөөрөөд өмөлзчихье. Аз жаргалыг бусадтайгаа хуваалцах гэж энд халуун залуу насаа үдэж, эх орондоо очиж чадахгүй бичиг баримтгүй харлаж, сэтгэл зүрх нь сэмэрч явдаг харьд суугаа Монголчууд минь эх орноо зарж идээд Америкт тансаглаж яваа Санжийн Баяр, ард түмнээ хошгируулж доромжилж өөрийгөө бордох Элбэгдорж нарын хажууд жинхэнэ эх орноо хайрлан санагалзагсад төдийгүй эх орондоо хувь нэмэр оруулагчид юм шүү.

Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот