Богдхан уулын дархан цаазат бус Их Тэнгэрийн аманд 7.4 га газрыг “Шинэхэн групп” компани Засгийн газрын тогтоолгүйгээр өмчилсөн талаарх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

 

БОНХАЖ-ын сайдын өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр “Шинэхэн групп" компанид 7.4 га газар олгосон. Шинэхэн групп нь АСЕМ уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулсан Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор барихаар тус газрыг авсан.

 

Уг мэдээллийг уншсан хүмүүс АСЕМ-аар халхавчлан төрийн тусгай хамгаалалттай газрыг хувьдаа хууль бусаар авах гэж байна гэж хардаж байгаа юм. Тэгвэл энэ бүх мэдээлэлд БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Шижирболд тайлбар хийсэн байна. Тэрбээр “БОНХАЖ-ын сайдын өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр “Шинэхэн групп" компанид 7.4 га газар олгосон. Сайдын шийдвэрээс өмнө Засгиин газрын тогтоол гарсан. Шинэхэн групп нь Ази-Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулсан Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор барихаар тус газрыг авсан” гэв.

 

 

Дашрамд дурдахад, Төрийн тусгай хатгаалалттай газрыг “өмчилсөн” “Шинэхэн групп” компанийн захирлыг Ж.Сансар гэдэг аж. Тэрбээр 2007-2010 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, дэд даргаар ажиллаж байжээ.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn