"Эрх  чөлөөг хэрэгжүүлэгч” намаас иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачилж буй талаараа саяхан мэдэгдэж, үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд санал асуулга явуулж байгаа билээ.

Тэгвэл иргэдийн зээлд өршөөл үзүүлэх санал асуулгад одоогоор хотод 350 иргэн, Дорноговьд 500, Баянхонгорт 450, Төв аймагт 49 нийт 1349 иргэн оролцож, өршөөл үзүүлэх нь зүйтэй гэж саналаа ирүүлсэн гэнэ. Хүйсийн хувьд авч үзвэл 45 хувь нь эмэгтэй, 55 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд 20-с дээш насныхан хамрагджээ. 

Тус намаас УИХ-аар Эдийн засгийн өршөөлийн хууль ойр ойрхон гарч томоохон пүүс компаниуд тэрхүү өршөөлд нь багтаж байгаа нь хэт нэг талыг барьсан, жирийн иргэдээ орхигдуулсан шударга бус явдал хэмээн тэд үзсэн учир ийм төсөл санаачилж байгаа ажээ.
Хэрэв тус хууль батлагдвал хэрэглээний зээлтэй байгаа 650 мянга орчим гэр бүл мөн 300, мянга гаруй ганц бие хүмүүс өршөөлийн хуульд хамрагдаж арилжааны банкнаас авсан зээлээ төлөхгүй байх боломж олдох гэнэ. Тэдний судалж мэдсэнээр энэ нь арилжааны банканд ямар ч хүндрэл үүсгэхгүй гэх.

Учир нь арилжааны банкны хувь эзэмшигчид монголын болон гаднын томоохон хөрөнгө оруулагчид байдаг учраас иргэдийн жижиг зээлийг нэг удаад өршөөх нь тэдний хувьд хүндрэлтэй зүйл биш хэмээн тэд хэлж буй юм.