Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ
2013/07/11
Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа буюу харцага цолтон төрөх даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.
Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдсан бөгөөд зургаагийн даваанд Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, Улсын аварга С.Мөнхбат нар зүүн баруун жигүүрийг манлайлан дэвэн дэвсээр баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ гарлаа.
Наадамчин олныг баярлуулж хүчит бөхийн барилдааны тавын даваанд Улсын заан Д.Рагчаагаар тав даван Монгол начин цолны болзол хангаад буй Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавъяат Тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр энэ даваанд Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаярт амлуулан барилдаж байгаа нь энэ давааг тун сонирхолтой болгож буй юм.