ОХУ-ын Казань хотноо болж байгаа дэлхийн оюутны XVII “Универсиад” наадмын хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар эх орноо төлөөлөн өрсөлдөж багийн дүнгээр мөнгөн медаль хүртэв.

Дэлхийн 61 орны тамирчид онч мэргээ сорьсон тус тэмцээнд залуу тамирчин Г.Нандинзаяа 414,1 оноогоор шилдэг наймд шалгарсан бол О.Янжинлхам 413,2 оноогоор 11, Ч.Нарантуяа 413 оноогоор 13 дугаар байр эзэлсэн байна. Манай баг тамирчид Оросын багийн дараа Хятадын багийн өмнө орж чадлаа. БНХАУ-ын багт олимп, ДАШТ-д тогтмол өндөр амжилт гаргадаг хур туршлагатай Ли Пэйжин, Юү Дань нар багтсан байсныг энд онцлон дурдах ёстой.

Шигшээ буудлагад наймдугаар байраар шалгарсан Г.Нандинзаяа амжилттай буудсанаар 183,9 оноогоор хүрэл медалийн эзэн болов. Герман, БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрт манай баг есдүгээр байрт (1113) шалгарсан. Т.Баярцэцэг 11 (379), Г.Хэрлэнцэцэг 32 (372), Ө.Өлзийням 49 (362) дүгээр байрт тус тус шалгарчээ.

 

Д.Өлзий