Хүүхэддээ хайраа мэдрүүлэхийн тулд эдгээрийг өөртөө дадал болгоорой
2015/10/16
Томчууд их хэцүү. Үргэлж томоор сэтгэнэ. Хэтэрхий томоор сэтгэдэг болоод ч тэр юм уу, зүгээр л энгийн зүйлс хийхдээ хүртэл тэрийгээ хэтэрхий том болгож харна. Хүүхэд гэдэг бол хүүхэд. Тэд хэзээ ч том хүний хэмжээнд шунаж чадахгүй. Ээжээсээ эсвэл ааваасаа их энгийн зүйл л хүлээж байгаа. Чи ч мөн адил хүүхэд байхдаа ийм л зүйлсийг аав ээжээсээ хүсч хүлээдэг байсан байх. Заримдаа томчууд хэтэрхий харалган болчихдог. Хэнийг илүү их хайрлах ёстой вэ гэдгээ мартчихдаг. Өсгөж, тэжээж, хувцаслахаас илүү хүнийг хүн болгож бүтээх их ухаан томчуудаас гарах учиртай. Тэр ухааныг хүүхэд аав ээжийнхээ хайраас үлгэрлэн суралцдаг юм. Хүүхэддээ хайраа үргэлж мэдрүүлж байгаарай.
Харин яаж тэдэндээ хайраа мэдрүүлэх вэ:
1. Дуртай зүйлд нь дуртай:
С: Хүүхэд байхад аав маань намайг сагс тоглож байгаад ирэхээр гадуур дэмий тэнэлээ гэж загнадаг байсан. Бас сагсны тэмцээнээс алт аваад ирэхэд минь хүртэл “Сагс тоглоод хэрэггүй төмөр авахаас өөр зүйлгүй. Энүүгээр хоолоо олж идэж чадах уу?” гэж зэмлэж байсансан. Гэхдээ одоо бол би улсын лигт тоглодог. Бага байхдаа аав миний дуртай зүйлд бас дуртай байсан ч болоосой гэж хүсдэг байлаа. Одоо аав минь намайг дэмждэг ч гэлээ хүүхэд насны дурсамж мартагддаггүй юм билээ.
2. Дургүй зүйлд нь хүчилдэггүй:
Г: Ээж намайг хүүхэд байхад нэг хачин муухай загвартай ногоон даашинз өмсөхийг шаарддаг байж билээ. Би тэрийг өмсөхөөрөө яг мэлхий шиг л харагддаг. Угаасаа бүдүүн ногоон мэлхийний хувцас шиг даашинз. Тэр үед би өөрийнхөө цэнхэр даашинзаа өмсөх их дуртай байсан. Тэгсэн ээж намайг энэ ногоон даашинзаа өмсөж муутгаад цэнхрийгээ өмс гэж загнаад бүтэн жил шахуу тэр муухай даашинзтай явуулсан даа. Тэгээд л би “Тарган мэлхий” гэдэг хэзээ ч хэн ч мартдаггүй муухай хочтой болсон юм. Цэнхэр даашинз маань ч өмсөх гэсээр байтал багадчихсан.
3. Хамт суугаад хооллодог:
Б: Аав ээж хоёр маань ажил ихтэй. Би айлын ганц гэртээ зурагтаа үзээд л суудаг хүүхэд байсан юм. Тэр үед зурагтаар хүүхэд нь ээж аавтайгаа хамт хоол идээд сууж байгаа киноны хэсгийг хараад гадаадын улс оронд л ийм байдаг байх гэж боддог байсансан. Харин сүүлд найз охиныхоо гэрт очоод бөөнөөрөө суугаад өглөө өдөр оройн хоолоо иддэгийг нь хараад л энгийн зүйл болохыг нь ойлгосон доо. Одоо бол хэчнээн их ажилтай байсан өглөө оройн хоолондоо заавал амжиж очдог. Эхнэр маань ч сайхан хоол хийдэг. Харин хоёр хүү маань аавыгаа иртэл хоолоо иддэггүй, ширээнээс хүртэл босохгүй хүлээгээд суудаг гээд боддоо.
4. Хэцүү үед нь ярилцдаг:
Т:Арван жилдээ би их намхан царай муутай хүүхэд байлаа. Тэр үед өөрийгөө өсч том болж өөрчлөгдөнө ч гэж бодож байсангүй. Намайг охидууд их гадуурхана. Найзлах хүн ч байхгүй, хөвгүүд бол бүр байнга шоолдог байлаа. Их ч уйлдаг байсан даа. Тэр үед аав ээж хоёр маань архинаас болж их хэрэлддэг байсан учраас намайг анзаардаг ч үгүй. Гэхдээ одоо би тэс өөр болсон ч гэлээ ерөөсөө хүнтэй үнэн сэтгэлээсээ, дотроо уутлаад ярилцаж чаддаггүй. Ядаж хүүхэд байхдаа хов зөөгөөд ч болтугай доторхоо уудалдаг байсан бол арай өөр байхгүй юу! Охидууд ээжтэйгээ найз шиг ярилцахаар би өөрийн мэдэлгүй дотроо цагаахан атаархаад л байдаг.
5. Мэдэхгүй зүйлийг нь найз шиг нь заадаг:
А: Төрөлхийн юмыг удаан ойлгож байж тогтоодог хүүхдүүд байдаг даа. Би угаасаа тийм хүн. Харин тэрийг найз нар маань мэддэг болохоор дунджаар сард нэг удаа хичээл тарсаны дараа манайд ирж надад ойлгоогүй зүлийг маань зааж өгдөг байсан юм. Ахлах ангид орох үед манай гэр хотруу нүүсэн. Би тэр үеийг их сайн санадаг. Учир нь би ахлах ангидаа ээжийнхээ ачаар онц сурч гадаадад сурах тэтгэлэг авсан. Од шиг гялалзсан үе минь. Ээж маань найзуудаараа хичээлээ заалгаж байж ойлгодог болохыг минь мэдээд надад яг л найз нар шиг маань хандаж, бүгдийг ойлгуулдаг байсан шүү. Энэ талаар сүүлд ажлынхандаа ярьсан чинь “Ээж чинь ямар мундаг юм бэ?” л гэцгээгээд байсан.
6. Нууцаас нь хуваалцаж, хадгалдаг:
Н: Ээж аавууд хүний нууц сонсохгүй сонсчихоод хадгалчихаж ч чаддаггүй. Нэг удаа аав халамцуудаа надаас шалаад байхаар нь сайн байсан охиноо хэлчихсэн юм. Манай сум чинь их жижигхэн болохоор бүгд нэг нэгнээ мэддэг байлаа. Тэгсэн нэг өдөр гадаа тоглож байтал аав шал согтуу ирчихсэн. “Тэр бөгтөр Төмрөөгийн шар охин над дээр” гээд л орилдог юм байна. Би сандарч гүйж очоод л өмнүүр нь ороод битгий очоо, чамайг зодож магадгүй шүү гээд айлгачихсан. Харин аавыг чирсээр байгаад гэрт оруулж ирсэн дээ. Тэрнээс хойш аав ээжид өөрийнхөө чухал нууц зүйлийн тухай нэг ч удаа ярьж байгаагүй. Яриад ч хэрэггүй юм билээ. Одоо хүртэл эхнэрийн хажууд тэрийг яриад өнгөрдөг юм. Манай хүнд онцгүй санагдана шүү дээ. Нөхрийнх нь сайн байсан охин өөрийнх нь хар багын найз гэхээр.
7. Хүндэтгэлтэй харьцдаг:
О: Намайг манай байрны хүүхдүүд Ноён Сэр гэж дууддаг байлаа. Хүүхэд байхад би чинь байрныхаа овгор нь байлаа шүү дээ. Гэхдээ хамгийн сонин зүйл нь би ганц ч хүүхэд зодож, дарамталж байгаагүй. Харин манай байрны хүүхдүүдийг дээрэлхэх юм бол нударга зөрүүлдэг л байлаа. Миний овгор байсан шалтгаан бол аав маань намайг орой бүр “Хүндэт Сэр, та хоолоо иднэ үү!”гэж дууддагт байсан юм. Ээжтэй маргалдаж муухай зантай байхдаа ч “За залуу хурандаа минь” гэж ирээд эрчүүд шиг л хоорондоо юм ярилцана. Аав маань цэргийн хүн байсан. Орост их удаан амьдарч байгаад олон жилийн өмнө ослоор өөд болсон юм. Одоо хүү нь ийм том дэслэгч болсон байгааг харсан бол ч магнайгаа хагартал баярлах байсан даа.
8. Хүнд үед өөрийг нь ойлгодог:
Т: Оюутан болоод эхний жилдээ л би найз залуутай болж удалгүй жирэмсэн болчихсон юм. Тэр үед ээж аав хоёр намайг их сургуульд л сургана гэж махардаг байлаа. Тэгээд ээжид хэлж зүрхлэхгүй зугтаагаад л байсан. Аав бол намайг угаасаа яах ч үгүй. Ээж л хамгийн аймар нь байсан байхгүй юу. Тэгээд би аавтай нийлж байгаад л ээжид өнөөхөө хэлэх гээд ширээ засчихаад хүлээж байв. Аав маань намайг өмөөрөх үгээ бэлдээд л би хоолоо таваглаад байж байтал ээж орж ирээд ширээндээ суулаа. Аав бид хоёр таг чимээгүй. Аль алинд нь зориг ордоггүй. Тэгсэн ээж миний тавагтай хоолыг аваад цагаан мөөгүүдийг нь түүж өөрийнхөө тавагруу хийгээд “Жирэмсэн хүн цагаан мөөг идэх юм бол сав нь агшдаг юм. Дутуу төрж ч магадгүй. Эрүүл саруул хүүхэд л төрүүлж байвал бусад нь дүүрч одоо...” гэж хэлж байж билээ. Хүнд үед минь хамгаас илүү ойлгож тусалсан ээж аавдаа маш их баярлаж явдаг шүү. Бас хайртай.
9. Хамтдаа хийдэг зүйлтэй байх:
Л: Аав маань загасанд явах их дуртай. Бүр бага байхаасаа л би аавыгаа дагаж явдаг байлаа. Хамгийн зугаатай зүйл нь аав бид хоёр загас барихаараа ээжид үргэлж баяр баясал авч ирдэг байсан. Манай гэр бүлийн уур амьсгал орвонгоороо өөр болдог байсан юм. Харин одоо бол би хүүтэйгээ хамт фитнесст дасгал хийж өглөө бүр хамтдаа уралдаж гүйдэг юм. Хүү маань хөнгөний тамирчин болохоор шийдчихсэн. Харин би хувийн дасгалжуулагч шиг нь л болчихсон.
10. Хайртай хүмүүсийг нь бас хайрладаг:
Д: Би их муу хүн. Яагаад ч юм би эрчүүдийг үргэлж гомдоочихоод байдаг. Хүүхэд байхад аав маань ээжид гар хүрдэг, гэр бүлээ хүндэлдэггүй, гэр орондоо тогтдоггүй байсан болохоор би яагаад ч юм бүх эрчүүдийг түүнтэй адилтгаж үзэн яддаг байлаа. Би одоо 43 настай. Миний амьдралд тогтвортой харилцаа, үр хүүхэд, эр нөхөр гэж байгаагүй. Уг нь байлгахыг их хүсдэг ч гэсэн хүүхэд насныхаа айдсаас салж чаддаггүй юм. Ээж аавын буруу гэж хэлэхгүй ээ. Гэхдээ аав ээжийг минь хүндэлж хайрладаг байсан бол би гэр бүлийн утга учиртай амьдралыг мэдэрч ийм өчүүхэн айдастай тулахгүй амьдарч болох л байсан.
Эх сурвалж: www.goolingoo.mn