Монголчууд биднийг цэнгэлийн манлайд хүргэдэг үндэсний баяр наадам дуусч, шинээр төрсөн аварга, гарьдуудын тухай  "ам дамжсан" элдэв хууч, магтаал дуусаагүй байтал "Сүхбаатарын талбай"-г "Чингис хааны нэрэмжит" болгох шийдвэр гарсан нь  хүмүүсийн гайхлыг төрүүлж, бухимдлыг асааж орхив.  
 
НИТХ-ын хэдэн нөхөд наадмын тухай хууч хөөрөлдөж сууснаа, сэтгэл хөдлөлдөө автаад "За ер нь одоохон "Сүхбаатарын талбай"г  " Чингис хааны нэрэмжит" болгоод орхиё"  гээд гар өргөөд батлачихсан юм  даг уу даа, янз нь.
 
"Донойн хөндий"-дөө малаа хариулаад явж байсан малчин дээр нэг дарга давхиж ирснээ "Маргаашнаас танай энэ хөндийг "Донойн хөндий" гэж нэрлэхээ болиод "Надмидын хөндий" гэж нэрлэх шийдвэр гарсан шүү" гэж хэлбэл хэн ч байсан гайхаж балмагдана биз дээ.
 
-Чингис хаан Ардчилсан Намынх, Д.Сүхбаатар Монгол Ардын Намынх болохоор ийм шийдвэр гаргасан юм байхаа
 
-Нэртэйгээр нь ер нь бүх байгууламжаа "Чингис хаан" гээд нэрлэчихвэл яасан юм бэ?
 
-Чингис хааны төрсөн нутаг болохоор Хэнтий аймаг , аймгийнхээ төвийг "Чингис хаан" гэж нэрлэх гэж байгаа гэнээ
 
-Монголд ирсэн хүн "Чингис хаан" нисэх буудалд буугаад, "Чингис хаан"-ын өргөн чөлөөгөөр давхиад, "Чингис хаан" зочид буудалд бууж, орой нь "Чингис хаан" уушийн газарт очиж, "Чингис хаан" хамтлагийн дууг сонсонгоо "Чингис хаан" нэртэй шар айраг шимж суух нь байна шүү дээ. Маргааш нь аягүй бол "Чингис хаан" хоолны газарт орж "Чингис хаан" гэдэг бууз идэж болох нь.
 
-АН-ынхан улаан хувьсгалтай холбоотой бүхнийг үгүй хийх гэж байгаа юм байхаа
 
-Энэ бол хууль бус шийдвэр, ийм чухал асуудал дээр олон нийтийн санал асуулга авах ёстой
 
-АН-ынхан ер нь хэтэрхий  эрдэж, "дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэх" боллоо
 
Цахим мэдээллийн хэрэгслэл болон, фейсбуук хуудсаар хүмүүс ийнхүү санаа бодлоо илэрхийлэн бухимдаж байна. Заримдаа бид Монголын улстөрчдийг, олон нийтэд таагүй  шийдвэрийг заавал баяр наадам тэмдэглэж, "ухаанаа алдаж" явах үед нь гаргаад байх юм хэмээн "харддаг".  Энэ жилийн наадмын баяр хөөрийг НИТХ нөхдүүд ийнхүү "чимэв".
 
 
                                                          Хариулт нэхсэн асуултууд
 
Монголчууд бид ер нь туйлшрахдаа сайн л даа. Бид өөрсдөө түүхээ тэгтлээ сайн судлахгүйгээр, бусдаас сонссон хэрээрээ "Чингис хаан" гэж  морь унаж дэлхийн талыг эзэлж байсан, их сахалтай баатар эр байсан тухай ерөнхий төсөөлөлтэй нь олонхи.
 
Хааяа согтохоороо "Би бол Чингисийн Монгол" гэж цээжээ дэлдэх нь хэвийн үзэгдэл. Угтаа бол тэгж хэлэхээр гадныхан "ухаанаа алдтал айж, өмнө нь бөхөлзөх байх" гэсэн шүү юм бодож ч байж ч магад.
 
Бид өөрсдийн бахархалдаа ийм өнгөц ханддаг болохоороо л их хааныхаа нэрийг сархад дээр залж хэсэг согтуурхав, хүссэн болгоноо нэрлэж хэсэг халуурав, хамаг л юм болгон дээр зургийг нь залж хэсэг будилуулав.
 
Аманд нэрлэх нэр, цээжинд бадрах омогшил гэдэг өөр хоорондоо, огт өөр зүйл гэдгийг өнөө хэр бид тэгтлээ сайн мэдрэхгүй л явна. Тэгээд л бид дуртай үедээ ийм шийдвэр гаргадаг болжээ.
 
Нийслэлийн төв талбай болох "Сүхбаатарын талбай"-д их эзэн Чингис хааны хөшөө болон цогцолбор байгуулаад нилээд хэдэн жилийн нүүр үзэж буй.  Засгийн Газрын ордны өмнөх  их хааны цогцолбор, талбайн төвд залрах Сүхбаатарын хөшөөний зохицолдоо нь аажмаар нэршилд нөлөөлөх шаардлага бий болгохыг үгүйсгэхгүй.
 
Харин үүнийг бодлоготойгоор, бэлтгэлтэйгээр, төгс зохицолдоотойгоор шийдэх ёстой баймаар. Аливаа гаргаж буй шийдвэр нь олон нийтэд ойлгомжгүй байх тусам хүмүүст "хардлага" төрүүлж, бухимдлыг бий болгодог. Энэ удаагийн шийдвэр гаргасан хүмүүсээс асуух асуултууд байнаа.
 
1. "Сүхбаатарын талбай" -г  "Чингис хааны талбай" болгох үндэслэл тань юу байв аа?
 
2. "Чингис хааны талбай" болгох хэтийн төлөвлөлт, зураглал, цогцолбор байгууламжийн төсөл тань байгаа юу?
 
3. Тийм төлөвлөлт, төсөл тань байгаа бол энэ тань хэдийд ямар хугацаанд биелэх боломжтой вэ?
 
4. Нэгэнт төв талбайг "Чингис хааны талбай" болгох аваас "Сүхбаатарын хөшөө"-г нүүлгэж, өөрчлөх үү?
 
5. Хэзээ нэгэн цагт тийм шийдвэр гарвал "Сүхбаатарын хөшөө"-г  хаана хэрхэн байрлуулах талаар та нарт урьдчилсан төлөвлөлт, тооцоо байгаа юу?
 
Монголын улстөрчдөд нэг муу тал байдаг юм. Аливаа зүйлд тооцоо судалгаагүйгээр, сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Сайн улстөрчид маш сайн судалгааны үндсэн дээр бодож боловсруулж байж шийдвэр гаргадаг бол, муу улстөрчид шийдвэрээ гаргачихаад дараа нь бодож эхэлдэг.
 
Юу ч бодолгүйгээр ярьчихаад, дараа нь ярьсан зүйлийнхээ талаар боддог хүн бол улстөрч биш. Юу ч бодохгүйгээр зөвхөн яриад л яваад байдаг хүмүүс бол зүгээр л чалчигсад.
 
Шийдвэр гаргах эрх нь эрх мэдэлтнүүдэд бий. Харин гаргасан шийдвэрийнхээ тухай олон нийтэд заавал тайлбарлаж ойлгуулж байх үүрэгтэй, энэ шийдвэр нь олон нийтэд хамаатай учраас. Хэрэв ийм шийдвэр олон нийтэд ойлгомжтой, ил тод байвал хүмүүс дэмждэг.
 
Хэрэв ийм шийдвэр нь олон нийтэд ойлгомжгүй, бүрхэг байх аваас хүмүүс талцан маргалдаж, бие биенээ хараан зүхэж, хэн нэгнийг буруутган бухимддаг. Тэгэхээр шийдвэр гаргагсад зөв шийдвэрийнхээ төлөө талархал хүлээж, буруу шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх учиртай.
 
 
                                                   Түүхийг "баллуурддаггүй"
 
"Сүхбаатарын талбай"-г  "Чингис хааны нэрэмжит" болгох шийдвэр нь  олон хүмүүст "түүхийг сэргээн сануулах", зарим хүмүүст "улстөрч хараагаар харах" боломж нь  болж байна.
 
 Ардчилсан хувьсгал ялснаас хойш эхлээд Сталины, дараа нь Лениний хөшөөг буулгасан, одоо магадгүй Сүхбаатарын хөшөөг буулгах байх гэж түгшүүрт бодлыг хүмүүст төрүүлж буй. Буулгасан Сталины хөшөөг нэг нөхөр худалдаж аваад, нэгэн рестораны байранд залсан байхыг харж байснаа санаж байна.
 
 Лениний хөшөө одоо хаана байгааг бид лав мэдэхгүй. Хөшөөг нь буулгаад хаана ч мэдэгдэхгүй орхиж байгаа бол, энэ үзэгдэл нь түүхийг "баллуурдах" гэсэн нэгэн оролдлого гэж шууд ойлгогдож байгаа юм.
 
Чингис хаанаас хойшхи  үеийн түүхүүдээ монголчууд бид тэгтлээ мэдэхгүй. Харин 1921 оноос хойшхи үеийн түүхийг  мэдэх хүмүүс олон. Түүх бол  цаг хугацааны эрхшээл. Түүхийн өмнө бид өчүүхэн, цаг хугацааны  хувьд жижигхэн "цэг".
 
Түүхийг бид шүүж, буруу зөв, сайхан муухай гэж ялгах эрхгүй. Бид хичнээн буруутгалаа ч, 1921-1991 он хүртэлх үеийн түүхийг  шүүмжилж, өөрчлөх эрхгүй. Сталин ч, Ленин ч, Сүхбаатар ч, Чойбалсан ч, Цэдэнбал ч  Монгол Улсын түүхэнд өөрийн гэсэн орон зайтай.
 
Тэд бол цаг хугацааны "баатар"-ууд. Тэд сайнаар муугаар үнэлэгдлээ ч, Монголын тусгаар тогтнолд өөр өөрийн  гавьяатай хүмүүс.  Тэд  байсан тулд  Монгол Улс өнөөдөр өөрийн гэсэн газар нутагтай, газрын хөрсөн дороо баялагтай, гадаадын аль оронтой гэрээ хийх бүрэн эрхтэй, туурга тусгаар, биеэ даасан бүрэн эрхэт улс болж үлдсэн.
 
Хөшөө дурсгал бол түүхийн гэрч, бас урлагийн бүтээл. Бид тэднийг авч хаях бус тодорхой нэгэн талбайд цогцолбор маягаар байрлуулан, түүхийн нэгэн анирыг хойч үедээ хүүрнэж, сануулж байх үүрэгтэй. Хөшөө дурсгал ч, хөшөөнд мөнхөрч үлдсэн тэр хүмүүс бидний өмнө буруугүй, харин бид тэдний өмнө буруутай.
 
Түүхийг "баллуурдаж" тэднийг буруутган доромжилж, үл тоон хөсөр хаяж байх бид хэн юм бэ. Түүх түүхээрээ л үлддэг. "Хэрэв чи өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй үе чам руу их буугаар буудна" гэдэг сургаал буй.
 
Бид өнөөгийн цаг үед омтгойрон  бардамнавч, маргаашийн нэгэн өдөр бусдын доог тохуу болох эсэх нь бидний ухааны цараанаас л хамаарна. Тэд мөнх байгаагүйтэй адил бид ч мөнх бус.  Харин түүх мөнхөд үнэнээрээ л үлдэх учиртай.
 
 
                                               Бусдын хайр итгэлийг хүндлэ
 
Хүний араншинг эвдэх амархан. Хийж байгаа болгоныг нь шүүмжлэлгүйгээр дуу алдан магтаад. хаа явсан газар нь "чи аугаа ухаантай хүн шүү" гэж далдаганан дагаад, хэлсэн болгоныг нь "ёстой зөв шүү дээ" гэж зусардан өргөмжлөөд байвал, тэнэг хүн "аугаа ихийн солиорол"-д автаж эхэлдэг.
 
 Харц нь тэнгэр рүү сөлийж, хамар нь энтээ сархайж, ам нь тэндээ ярвайж эхлэх дор  бодит ертөнцөөс "тасарч" эхэлдэг. Богино өчүүхэн бодолдоо бүдчин, хэлснийг нь биелүүлэхгүй бол уурлаж, ярьсныг нь зөвшөөрөхгүй бол дарамталж, эсэргүүцэн шүүмжилбэл "хонзон санаж" эхэлнэ.
 
Төрсөн биеэ "ухаантай" гэж, түмэн олныг "мунхаг" гэж, тойрон зусардагчдаа "арчаагүй" гэж бодохдоо, өөрийн гаргасан шийдвэрээ ямар ч аргаар хамаагүй биелүүлэх гэж улайрах.  
 
"Тэд яах вэ? тэгж л байдаг юм. Тэмээ туйлаад тэнгэрт гардаггүй, ямаа туйлаад янгиа эвддэггүй юм" хэмээн бусдыг басамжилна, амыг нь "мөнгөөр тэвхдэж болно" гэж итгэнэ. Ингэхээрээ л "хүнээ байж" эхэлдэг юм даа.
 
Сонгуульд ялснаасаа хойш АН бага бус зүйлийг эхлүүлж, хүмүүсийн талархлыг хүлээж байгаа. УИХ-ын сонгуульд ч, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлэгчийн сонгуульд ч олон нийт, АН-д давуу санал өгсөн нь тэдний "гайхамшигтай мундаг"-ийнх ч биш, тэднийг "арай илүү юм хийчих болов уу?" гэж "горьдсан" итгэлийнх.
 
Тэд ч, Ерөнхийлэгч ч бага бус нааштай алхмуудыг хийж эхэлж байгаа. Гэхдээ энэ нь тэдний "биеэ тоох" шалтаг нь бас биш. Хэт аархаад, хэт бардамнаад эхэлбэл, олны итгэл "салхинд хийсэх хамхуул" мэт арилж одно.
 
Тэднийг тодорхой хэмжээгээр дэмждэгийн хувьд , ямар ч ажил хэрэгт  илүү судалгаа тооцоотой, илүү ажил хэрэгч, илүү ул суурьтай, илүү няхуур хандаасай гэж хүсээд байгаа юм. "Их мөрөн дөгөөн, эрдэмт хүмүүн даруу" , "Долоо хэмжиж нэг огтол" гэж бидний өвөг дээдэс сургасаар ирсэн.
 
Сонгуульд "эрийн сайнаар" ялсан мэт бардамнаж, "Төрхмөө үзээд бараан дээр гардаг бүсгүй" шиг аашлаад байх аваас хайр дундарч, итгэл мохдог. Эрх баригчид олон нийтийг хүндлэхгүй бол, олон нийт ч та нарыг хүндлэхгүй.
 
Эрх баригчид шийдвэр гаргахдаа эхлээд хүмүүсийн тухай бодож байвал, хүнд, амьдралд их ойрхон очдог. Шийдвэр гаргахдаа  эхлээд өөрийнхөө тухай бодож байвал хүмүүсээс холдож одно.
 
Гаргаж байгаа шийдвэр тань хүмүүст ойлгомжтой, тодорхой үндэслэлтэй байвал олон нийт дургүйцэж бухимдахгүй. "Бушуу туулай борвиндоо баастай" гэдэг зүйрлэл, алив зүйлд хөнгөн хуумгай  ханддаг хүмүүст зориулсан хэллэг. Нээрээ бодох ахул тэндээс сайхан үнэр үнэртэхгүй. Бас хүмүүс ч ойртохгүй.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
e-mail;  [email protected]