Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй албаны хүмүүс хойд хөршид ажлын айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын үр дүнгээ “ОХУ-д зорчих иргэдийн эрхийг хамгаална” гэх гарчиг бүхий албан мэдээллээр тайлагнаж буй.

Тохируулагч агентлаг тэр дундаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй уг байгууллага гадагшаа явж, ажил ярьсан гэхээр иргэдэд бууж өгөхгүй байгаа нь нууц биш.

Дээр нь нэмээд төсвийн хэмнэлтээр гадаад томилолтын зардлыг үнэмлэхүй бууруулах, тодорхой хязгаарлалт тогтоох талаар нэгдсэн чуулганы хүрээнд байнга яригдах болсон. Тэр ч үүднээс “ажлын айлчлал” гэх сүржин үг иргэдийн сэтгэлд төдийлөн бууж өгөхгүй байгааг онцлууштай. Нөгөө талаас шилэн Цогоо тэргүүтэй сайн дурын нөхөд гарч ирэн, төрийн байгууллагуудын шилэн дансыг гайгүй сайн нэгжиж байгаа. Ингэж тандалт шинжилгээ хийсний үр дүнд өмнө яригдаад өнгөрдөг байсан гадаад томилолт нэрээр хөл бөмбөг үзэж, үнэтэй буудалд буусан үлгэр домгийн ярианууд ч үнэн болох нь нотлогдов.

Тэгвэл ШӨХТГ-ын Т.Аюурсайхан тэргүүтэй албаны хүмүүс томилолтын зардлаа тун чиг хямд төсөр байдлаар зохицуулсан гэнэ. Тодруулбал, тэд ОХУ руу хийсэн ажлын айлчлалын нийт зардлаа 400 мянган төгрөгт багтаажээ. Сүүлийн үед Нийслэлийн хууль бус үйлдлүүдтэй нэлээд хурц тэмцэл үүсгэж, сонгуулийн шоу хийж байгаа нэрээр цоллуулж буй Т.Аюурсайхан үнэхээр ийм байдлаар гадаад айлчлалаа зохицуулсан бол Браво. Шилэн дансаар шалгаад үзэхэд илүүдэхгүй нэг жишээ энд гарч ирж байгааг онцлууштай.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг зохицуулах асуудал үнэндээ хаа сайгүй үгүйлэгдэж байдаг сэдэв. Дотооддоо бид эрх зөрчигдсөн тохиолдолд өргөдөл гомдол хүргүүлэх замаар бас чиг санаа бодлоо илэрхийлэх түвшинд суралцаж байгаа. Харин хилийн дээс нэгэнт алхчихсан л бол хаана хандахаа мэдэхгүй, тухайн улсын хууль дүрэм, хатуу хяналт, харилцааны асуудал дээр иргэд цөөнгүй хохирдог.

Ялангуяа наймаа арилжаа хийх асуудлаар хойд, урд хөрш рүү цүнх үүрэн зорчдог манай улсын иргэдийн хувьд найдваргүй худалдан авалтад өртөх, харилцааны асуудлаас хохирол амсах тохиолдлууд гарсаар байгаа. Энэ тохиолдолд иргэд доошоо газар хатуу, дээшээ тэнгэр хол гэгчийн үлгэрээр хаана хандахаа мэдэхгүй, эх орноо зүглэдэг байна.

Тэгвэл иргэдийн эрх ашиг хохирч, шударга өрсөлдөөний зохицуулалт алдагдаж байгаа уг голдрилыг ШӨХТГ-аас соргог анзаарч, хилийн цаана хохирсон иргэдийг асуудлыг хянан үзэх, шат дараатай арга хэмжээг авах нөхцлийг хангахаар болж. Мэдээж анхан шатны уулзалт гэдэг утгаар цаашид шийдэгдэх олон асуудлууд үлдэж, тодорхой цаг хугацаа шаардагдах ажлууд хүлээгдсэн байна.

Хамгийн гол нь хойд хөршид зорчиж буй иргэд эрх нь зөрчигдвөл ОХУ-ын Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албаны тухайн орон нутаг дахь салбарт хандаж, тус байгуулагын зүгээс манай улсын иргэдийн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхаар болжээ.

Хоёр улсын хамтын ажиллагааны өнгөрсөн оны сүүл үеэс визгүй зорчиж эхэлснээс хойш хойд хөршөөс Монголчууд 300 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Өөрөөр хэлбэл, Эрээн хот руу урсдаг их мөнгөн урсгалын нэгээхэн хэсэг хойд хөрш рүү шилжих явц эрчимжиж байна гэсэн үг. Энэ тохиолдолд хүссэн хүсээгүй хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөний зохицуулалт яригдах юм.

Эдийн засгийн хүнд үеийг туулж байгаа энэ үед иргэд өдөр тутмын амьдралаа залгуулахаар бүхий аргаа дайчлан зүтгэж байна. Хаана хаанаа хохирол, чирэгдэл багатай ажил албаа залгуулснаар өрх гэрийн амьдралд эерэг нөлөөллөө үзүүлэх учиртай.

Үнэхээр 400 мянган төгрөгөөр ОХУ руу ажлын айлчлал хийсэн бол Т.Аюурсайханд дахин Браво гэж хэлье. Шоу, ажил хоёрыг салгаж үзэж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн ажиллах нь ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг билээ.

Г.Итгэл

Эх сурвалж: www.TODAY.mn