Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нийслэлийнхэн ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Чингисийн талбай дахь “Их хотын хямдралтай худалдаа” юм. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд өнөө өглөө нээлтээ хийлээ. Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувийн хямдралтай үнээр борлуулж байгаа юм. Мөн сугалаат худалдааг зохион байгуулж байна.

 

Цаг агаар хэдийгээр хүйтэн сэрүүн байгаа ч иргэд Их хотын хямдралтай худалдааг олноороо зорин ирсэн байлаа. Харин энд ирсэн иргэдийн ихэнх нь Монгол ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн өвлийн өмд, цамц, малгайг ихэд сонирхон, худалдан авалт хийж байгаа харагдлаа. Эдгээр бүтээгдэхүүний хувьд 15-120 хүртэлх мянган төгрөгийн үнэтэй байлаа. Их хотын хямдралтай худалдаа гэж нэрлэчихээд хямдарсан зүйл харагдахгүй байна гэж бухимдах иргэн цөөнгүй байлаа.

 

Зохион байгуулагчдын зүгээс үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувь хямдруулж байгаа гэсэн хэдий ч ихэнх үйлдвэрлэл эрхлэгчид ердөө 10 хувиар бууруулсан харагдаж байлаа. Зарим аж ахуй нэгжүүд бүр дэлгүүр барааныхаа зах зээлийн үнэ одоо хэд байгааг ч мэдэхгүй 10 хувийн хямдралтай гэх зүйл яриад зогсож байсан нь тэнд цуглан иргэдийн дургүйцлийг хүргэж байв. Цаашлаад "Янмал", "Чансаа" зэрэг газруудыг хямдруулах биш бүр үнээ нэмсэн байгааг ч иргэд цухалцуулж байсан юм.

 

Харин их хотын хямдралыг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд ярилцлага, мэдээлэл өгөхөөс цааргалж байлаа.

Юутай ч эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэд хямдралтай худалдаа руу цаг заваа гарган ирэх нь дамжиггүй. Гэтэл иргэдийн сэтгэлзүйгээр тоглосон ийм үзэгдэл газар авсаар байгаа нь илэрхий байна.

Д.Ундрах /24tsag.mn/