АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон "Breeders cup 2015" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Макс"-ын Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан Mongolian Saturday хүлэг түрүүлсэн байна.

Ингэснээр тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүүлж байгаа тохиолдол юм. Зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдсанаас Mongolian Saturday 14 дугаартай уралдсан юм. Эхний болон сүүлчийн дугаарыг авсан морь бусад морьдоос байрлалын хувьд давуу гэж судлаач нар үздэг юм байна.

“Mongolian Saturday” нэртэй үрээ Тод манлай уяач “макс” Д.Ганбаатарын соёолон үрээ аж. Энэ үрээг анх Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээр хожмоо хурдлах морь болно хэмээн шинжиж “макс” Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгосон байдаг.

“Mongolian Saturday” цэвэр англи үүлдэрийнх аж. 2015 он гарснаас хойш нийт долоон том тэмцээнд уралдахдаа 2 түрүүлж, 3 удаа аман хүзүүлж, 2 удаа гурваар давхисан. Эдгээр амжилтаараа “Breeders CUP”-т уралдах эрхийг авсан бөгөөд ийнхүү дэлхийн тавцанд уралдаж, бүр түрүүлж чадлаа.