2015.10.12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт, хилийн бүсэд орших байглийн үзэсгэлэнт “Ёлт” гэдэг газраас Алтай сумын байгаль хамгаалагч Б, “Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, Алтай сумын 3 дугаар багийн засаг дарга Ш нар тус сумын иргэд болох М, С, Д нарын хамт бүлэглэн нэн ховор амьтан болох хүрэн баавгай агнасан байна. Тэднийг ХХЕГ-ын хилийн 0165 дугаар ангийн дугаар заставын эрэл хайгуулын бүлэг илрүүлсэн байна. Тэднийг саатуулах үед ангийн зориулалт бүхий “Сайга”, “Карбин”, “СКС” зэрэг буу, баавгайн арьс, мах зэргийг хурааж авсан аж. Уг хэргийг ЦЕГ-ын Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь 6.5-7.5 сая төгрөг байдаг бөгөөд агнасан тохиолдолд гурав нугалж торгохоор хууль заасан байдаг. Тэгэхээр 19 500 000-22 500 000 төгрөгийн торгууль төлөх юм байна.

Тэгвэл энэ хэрэгт оролцсон хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна. Тодруулбал тэднийг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэсэн зүйл ангийн дагуу шалгаж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Нэн ховордоод байгаа хүрэн баавгай агнасан нь тогтоогдох юм бол торгууль төлөх эсвэл таван жил хүртэлх хугацаагаар хоригдох юм байна.

А.Баярмаа