Монгол Улс, БНТУ-ын тусгай хүчнүүдийн хамтарсан “Нүүдэлчин-дайчид 2015” хээрийн сургуулилт манай улсад амжилттай болж байна.

Хамтарсан хээрийн сургалт, дадлага Цэргийн тусгай хүчний сургалтын төвд 21 хоног үргэлжилж байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм. Хоёр улсын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилт анх 2006, 2007 Туркид болж байжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, Турк улсын Тусгай хүчний 10 гаруй алба хаагч оролцсон энэ удаагийн сургуулилт тусгай хүчний чиглэлээр дагнаснаараа онцлог юм. Сургуулилтыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ удирдан явуулав. Сургуулилтын хаалтын ажиллагаанд Бүгд найрамдах Турк улсын Тусгай хүчний сургуулийн захирал, Турк улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Монголын талаас Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын удирдлагууд оролцов. Туркийн албаныхан хамтарсан сургуулийг үр дүнтэй, өндөр хэмжээнд болсныг онцлоод цаашдаа энэ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллахыг хүсч буйгаа илэрхийлжээ.

Цаашид Туркт суралцах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх, Туркээс манай зэвсэгт хүчинд үзүүлж буй буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн тавдугаар сард Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тус улсад айлчлал хийхдээ ярилцсан байдаг.

Сайнаа