Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газар “Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяныг орон даяар өрнүүлж эхэлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Аяны хүрээнд улсын хилээр хил дамжин халдварлах хүний хөл хориот өвчин нэвтэрч орохоос урьдчилан сэргийлэх нь үүднээс хилийн боомтууд, түүний дотор Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран “Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт дасгал сургууль зохион байгуулах гэнэ.

Мөн олон улсад шуурхай болон тогтмол мэдээллэх мал, амьтны халдварт өвчин улсын хилээр дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаад орны хяналтын байгууллагатай хамтран хянан магадлагаа хийхэд юуг анхаарах талаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, улсын байцаагч нарт зөвлөгөө өгнө. Түүнчлэн экспорт, импортын барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хил, хорио цээрийн хяналтын газар нь экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг хөнгөвчлөн шат дамжлагыг цөөрүүлж бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж эхэлсэн байна.

Одоогоор улсын хилийн 26 боомт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын гүний хяналтын бүсэд эрүүл ахуй халдвар хамгаалал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, стандарт, чанарын хяналт гэсэн дөрвөн чиглэлээр хорио цээр, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Буянаа