Олон хүүхэдтэй айлд нэг тийм адайр гэх нь хаашаа хачин зантай хүүхэд хааяа таардаг. Оройн хоол боллоо гэхэд түүний аягыг овоолтол дүүргэхгүй бол уйлаад суучихна. Нөгөөхөө барах эсэх нь тодорхойгүй ч байн байн тогоо руугаа өнгийгөөд цаана нь байгаа үгүйг байнга шалгана. Гэвч урдах аягатайгаа барахгүй. Тэгээд тавьж хононо. Өглөө нь ч идээд барахгүй. Маргааш нь нохойд хаяж өгч байх жишээтэй.

 

 

Манай зарим нэг олж долоохын дон, авч хураахын шид нь бүрдсэн хүмүүсийг дээрхи хүүхэдтэй зүйрлэлээ. Насаараа идээд барахааргүй хөрөнгөтэй хэрнээ л түүнийгээ улам арвижуулахын төлөө улайрсан бух шиг зүтгэцгээх нь үнэхээр бөөлжис цутгамаар.

 

Эдийн засгийн хямралыг давахын тулд дээд дарга нар яам тамгаа цөөлөх, орон тоогоо цомхотгох, цалин цавуугаа хасах тухай баахан шаагилдав. Бид ч яахав дээ, зөв зөв гээд л дагаад хашгирлаа.

 

Ингэхэд хямрал гэснээс саяхан Өрнөдөөс Дорно руу зүглэж яваа нэг жуулчинтай манай нэг нөхөр уулзсан байна билээ. Тэгээд аяга шар айраг шимэн, элдэв зүйлийг хөөрөх зуураа Европоор хямралын ханиад ямар байна энэ тэр гээд сонирхсон юм биз дээ. Нөгөөх нь, “Өө тэнд най алга. Харин Орос, танай хоёрт эдийн засгийн хямрал огт нүүрлээгүй юм уу даа” гэж. Гайхаад асуутал,“Европын орнуудын үдшийн цэнгүүний газруудаар ороход хов хоосон харагддаг болсон байна билээ. Харин танайд харахгүй юу, хаана л бол хаана хүмүүс пиг” гэжээ.

 

Тэгвэл энэхүү хямрал нэрийн дор арга залиараа үнэгнээс хол давах манай зарим дарга нар“Хямрал ба цомхотгол” гэсэн тусгай ажиллагааг маш нууцаар төлөвлөн, түүнийгээ хэрэгжүүлэх ажилд аль хэдийнэ ороод байгааг түмэн олондоо дуулгасугай. Тиймээс ганцхан жишээ татъя.

 

“Хямрал ба цомхотгол” гэсэн тусгай ажиллагааг маш нууцаар төлөвлөн, түүнийгээ хэрэгжүүлэх ажилд аль хэдийнэ ороод байгааг түмэн олондоо дуулгасугай.

 

Албан тушаал аймаар өндөр, эрх мэдэл энгүй их хэдэн нөхөр шөнөжингөө хуйвалдаад үүрийн харанхуйгаар нэгэн яамныхныг дуудаж, Татвар болоод Гаалийн ерөнхий газрыг нэгтгэх тооцоо судалгааг одоохон гарга гэсэн лүндэн буулгав гэнэ. Нөгөөдүүл нь ч цаас нухах ажилдаа шуудхан л туугаад орчихож. Хямралын эсрэг авч байгаа арга хэмжээ юм хойно, хойшоо суугаад яахав, ард түмэнд л хэрэгтэй юм хийж байгаагаас гээд хоёр нүдээ улайтал ноцолдож байгаад ямар ч байсан нэг юм гаргаад тэдний алган дээр тавьжээ.

 

Гэтэл энэ бүхний цаанаа хямралаар далимдуулаад Гаалийн ерөнхий газрынхныг Татварын Ерөнхий газрын байранд авчрахтай зэрэгцүүлээд байрыг нь хувьчлан авч, тэр хавьдаа байр сууц барих бас нэгэн Гитлер маягийн “Бар, барь, ос” (Ос-орон сууц) гэдэг төлөвлөгөө боловсрогдож асныг харамсалтай нь тэднээс өөр хэн ч мэдсэнгүй. Мань мэт нь л гэхэд биднийгээ хямрал гээч юмыг давуулах гэж эд нар маань ёстой л шар махтайгаа хатаж байна даа гэсэн шүү юм бодоод сууж байлаа шүү дээ.

 

Үүнийг гамшиг далимдуулна гэдэг юм. Ухаандаа үер усны аюул боллоо гэхэд хүн амьтан аврахын оронд, урсч яваа эд хогшил цуглуулсан шиг суугаа эр шиг гэсэн үг. 1967 оны их үерийн үеэр иймарчаагүй хулгайч, уйлаад урсч яваа өлгийтэй хүүхдийг үл тоон, урт дэгээ төмрөөр авдар сав гогдсон шиг сууж байгаад баригдаж байсан гэдэг юм. Дайн байлдааны цагт алагдсан нэгийнхээ өвөр түрийг ухаад, алтан шүд энэ тэрийг нь сугалж байсан түүх бас энд тэнд байдаг л юм. Тэгэхээр хямрал нэрийн дор хөрөнгө хогшилоо зузаатгахаар хоёр байгууллагыг нэгтгэх их хуйвалдаан хийж байгаа дарга нар дээр жишээ авсан нөхдүүдээс ямар я ялгаагүй байгаа биз.

 

Ингэхэд Гааль бол тэдний ярьдагаар улсын хилээр буяныг үл гаргаж, бузрыг үл оруулах зорилго бүхий төрийн тусгай алба. Харин нөгөөх нь тэдний ярьдагаар төр ахуй дор түүнийг мөнхөд байлгахын төлөө татвар цуглуулах зүгээр л төрийн алба. Тэгэхээр идэх уухын дон шүглэсэн эвэр хошуутнуудад эд хөрөнгө нь л арвижиж байвал тэс ондоо ийм хоёр байгууллагыг дэр нэгтгэхасуудал ашигтай, ашиггүй байх нь огтхон ч падгүйн жишээ энэ. Уг нь тэмээ, ямаа хоёрыг хээлтүүлэгт оруулаад, тал бие нь ноос, тал нь ноолуур бүхий амьтан гаргаж авах гэж байгаатай тун адилхан зүйл л дээ. Даанч эд хөрөнгө, мөнгө төгрөгөнд бурантаглуулсан ийм хүмүүсийн мөрөөдөлд үнэхээр хязгаар байдаггүй гэдэг үнэн байна. Яасан ч барагддаггүй шунал, яасан ч барцадгүй хүсэл гэхээрээ ийм байдаг юм бүү мэд.

 

Д.Гал

http://www.24tsag.mn