Яармагийн гүүрээс зүүн тийш шинэ орон сууц барьж, түүнд ойртуулан шинэ автобусны буудал барьсан юм. Би ч өглөө тэр автобусны буудлаас унаанд сууж ажилдаа явдаг. Өнөө өглөө ч шинэ буудалд автобус хүлээн хэсэг зогслоо. Надтай хамт 4-6 насны хоёр хүүхдээ дагуулсан эгч автобус хүлээв. Энэ хугацаанд дөрвөн ч автобус явж өнгөрсөн боловч нэг нь ч зогссонгүй.

 

Харин тав дахь автобусанд гараа өргөн байж суулаа. Энэ бол миний хувьд өглөө бүр тохиолддог үзэгдэл. Урин дулаан цагт ч яахав гэхэд хөхүүрийн ам цаашилж, хүйтний эрч наашилж буй энэ үед“албан”-даа явах гэж ээжтэйгээ яваа хоёр хүүхэд автобус хүлээнэ гэдэг бас л чанга. Уг нь энэ буудал автобус элбэг явдаг төв зам дагуу газар. Гэтэл биднээс өөр гэрийнхээ ойролцоо буух боломжгүй, ажлаасаа гараад хэдэн буудал явж байж унаанд суудаг иргэд олон. Ялангуяа захын гэр хорооллын иргэдэд элбэг тохиолддог бэрхшээл энэ.

 

Уг нь нийтийн тээврийн чанар үйлчилгээг сайжруулах, нийслэлийн иргэн бүрт хүрч үйлчлэх, иргэдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор өч төчнөөн сая төгрөгөөр шинэ автобусны буудал барьсан. Гэвч нийтийн тээврийн жолооч нарын хариуцлагагүй, хэнэггүй байдлаас үйлчилгээг нийтэд хүртээмжтэйгээр хүргэж чадахгүй байна. Учир нь, гэр хорооллын хол зайтай автобусны буудлын дунд шинэ буудал барьсан байдаг. Гэвч тухайн буудлуудаас автобусныхан тэндээс зорчигчоо авахгүй, алгасч давхих нь иргэдийг нэлээд бухимдуулдаг. Түүнээс болж өглөө ажил, хичээлээсээ хоцорсон хүмүүс хараалаа урсган зогсох нь цөөнгүй. Нэгэнт хөрөнгө мөнгө зарж автобусны буудал барьсан бол жолооч нар ажилдаа хариуцлагатай хандаж иргэдээ зорьсон газарт нь хэл амгүй буулгаж, суулгаж сурмаар юм.

 

М.Энх