Сүхбаатар дүүргийн VIII хорооны 64 дүгээр байр буюу БСШУЯ-ны чанх хойд талын байрны гурван давхарын хоёр өрөө айлд өнөөдөр 16:40 минутанд гал гарав.

Гал гарсан газарт биднийг очиход галын машин ирээгүй байсан бөгөөд ойр хавьд байсан хүмүүс дуудлага өгөөд 10 минут болж байна гэсэн юм. Мөн гал гарсан айлын эзэн болох Д 60 орчим насны эрэгтэй согтуу, хөл нүцгэн гэрээсээ гаран зогссож байлаа. Тэнд байсан хүмүүсээс гэрт өөр хүмүүс байсан эсэхийг лавлахад гал тогооны өрөөний цонхоор утаа гарах үед гэр лүү нь орж энэ хүнийг гаргасан өөр хүн байгаагаагүй, харин хажуу айлд нь унаж тусдаг бие муутай эгчийг гаргахаар хүмүүс орсон гэсэн юм. Тухайн эмэгтэй гэртээ цай чанаад сууж байхад нь өрөө нь харанхуйлаад, битүү утаа униар болсон гэнэ. Түүнчлэн тухайн орон сууцны нэг давхарт худалдаа үйлчилгээ, цайны газар байдаг тул дээрх үйлчилгээний ажилчид бүх цахилгаан хэрэгслээ унтрааж байлаа.

Гал гарсан айлд таван хүн амьдардаг бөгөөд гэрт байсан 60 орчим настай Д нь гэртээ тамхи татаж байгаад унагаасан гэсэн мэдээллийг цагдаагийн хүнд өгсөн юм. Гэхдээ галын шалтгаан юунаас болж гарсныг шинжээчид тогтоох ажээ. Гал түймрийн машин 17.00 цагийн үед ирсэн бөгөөд шуурхай ажиллан галыг бүрэн унтраасан юм.

Т.Буянаа