Өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн болон эхчүүдийн гал тогоонд “ЧИГЛЭЛ” компани 25 сая төгрөгний гал тогооны зарим тоног төхөөрөмжийг бэлэглэлээ.

“Чиглэл” ХХК нь анх 1990 онд үүсгэн байгуулагдаж энэ онд 25 жилийнхээ ойг тэмдэглэж, ойн хүрээндээ сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа юм. Монголын ирээдүй болсон эх хүүхдүүд эмчилгээ сувилгаанд хэвтэн эмчлүүлж байхдаа хурдан шуурхай үйлдвэрлэгдсэн чанартай эрүүл хоол хүнсээр хангагдах нь “ЧИГЛЭЛ” компаныхны гол зорилго байлаа. “ЧИГЛЭЛ” ХХК-ны Ерөнхий захирал Ц.Бумцэнд хэлсэн үгэндээ: “Бид ойгоо тэмдэглэхдээ тууз хайчлаад баярлаад өнгөрөх биш нийгэмд тэр дундаа Монголын ирээдүй-мянга мянган хүүхдийг илааршуулж эдгээдэг буянтай үйлснүүдийнхээ ажлыг хөнгөвчилж, дэм болох үүднээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гал тогоог сонгож туслахыг хүссэн. Би 1987 онд тухайн үеийн Худалдаа Бэлтгэлийн Яамны харьяа Худалдааны засвар, зарлал чимэглэлийн газарт засварчнаар ажиллаж байхдаа энэ гал тогооны тоног төхөөрөмжийг анхлан суурилуулж байлаа.

Өнөөдөр 28 жилийн дараа өөрийн компанийн хөрөнгөөр хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан бэлэглэж байгаадаа сэтгэл дүүрэн баяртай байна. Бид 18 төрлийн 55ш бараа бүтээгдхүүн бэлэглэж байгаагаас 40% нь манай өөрийн “ЧИГЛЭЛ” компанид үйлдвэрлэн гаргасан монгол хүний ур ухаанаар бий болсон гал тогооны тоног төхөөрөмж байгаа. Бидний халуун сэтгэлийн бэлгийг хүлээн авсан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэж, Монголын үрс маш олон болтугай, бүгд эрүүл энх инээд хөөрөөр дүүрэн байх болтугай гэж ерөөе” гэлээ.

Баялаг бүтээгч, шинийг санаачлагч “Чиглэл” ХХК нь ОХУ, БНХАУ-аас хүнс нийтийн хоол, рестораны зориулалттай гал тогооны тоног төхөөрөмжийг импортолдог. Мөн хуучин тоног төхөөрөмж сэргээн засварлах, ашиглагдсан тоног төхөөрөмжийг худалдаалах дагнасан дэлгүүрийг ажиллуулдаг.

2005 онд БНХАУ-аас тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирснээр байгууллагуудын захиалгаар 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж, 800 гаруй импортын бараа бүтээгдхүүн, гал тогооны сэлбэг хэрэгсэл худалдаалдаг “Таны дэлгүүр”-ийн сүлжээ 5 дэлгүүртэй.