Малын гоц халдварт өвчний тархалт тэлэх эрсдэлтэй байна
2015/11/06
Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарсан байна. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ.
Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна.
Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байгаа гэнэ.
Хонь, ямааны цэцэг өвчин хоёрдугаар сараас зүүн бүсийн аймгуудад тасралтгүй гарч байгаа нь энэ өвчнөөр өвчилсөн, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгахад шаардагдах хөрөнгө, нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгээс шалтгаалж хүн, тээвэр, малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлаж байна гэж үзэж байна.
Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 1,04 сая тун вакцин үйлдвэрлэж эхний арван сарын байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт хэрэгцээт вакциныг хуваарилан дархлаажуулалтын ажил хийгдэж дуусчээ.
Үүнээс гадна он гарсаар галзуу өвчний 282, боом өвчний 39 тохиолдол, дуут, үхрийн хорт салст халуурал өвчин хэд хэдэн аймагт гараад байна.
Хөвсгөл аймгийн 13 суманд адууны боом ихэвчлэн гарсан нь өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх вакцины захиалга хийгддэггүй байсантай холбоотой юм.
Вакциныг хугацаанд нь захиалгын дагуу нийлүүлдэггүй, вакцинжуулалтын явцад хүйтэн хэлхээ хэрэглэдэггүйгээс вакцин чанараа алдах, малын сэг зэмийн устгал, өвчний голомт, хашаа хороонд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй, бэлдмэлийн нөөц хүрэлцээгүй, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт суларсан, орон нутгийн удирдлагууд хорио цээр, хязгаарлалтын үеийн зардлыг төсөвт бүрэн гүйцэд тусгадаггүй зэргээс халдварт өвчний гаралт нэмэгдсээр байна.
Цаашид малын гоц халдварт болон халдварт өвчний тархалт тэлэх эрсдэл өндөр байгаа тул вакцин, эм, зүү тариур, ариутгалын бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, өвчний голомтонд ажиллаж байгаа хүмүүсийг дулаан хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.
Т.Буянаа
Зочин · 2015/11/06
Ene zugiin max ayultai boljiin shuu