Өрлөө,Давлаа, Дэвлээ,Мөнхөрлөө
2015/11/14
Төв аймагт түймэр гарчээ Түвдэндорж аварга Түй гээд унтрааж гэнэ ээ хэмээн хүүхдүүд ярин хөхрөлдөж, улсын наадмын талбайд Далай даян дархан аварга Дамдиан гэж уянгалуулан цоллохыг сонсож өссөн 1960-аад оны монгол хүүхдүүдийн нэг нь миний бие билээ.
Үнэндээ ганц би ч биш дархан аварга Дарийн Дамдин гэдэг хүнийг улсын баяр наадамд завсаргүй тав түрүүлсэн, бас тавантаа үзүүрлэсэн домогт бөх, Улсын циркт хүчний үзүүлбэр үзүүлдэг байсан алдартай жүжигчин, Хөвсгөл айггийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг гээд монгол хүн бүр л мэднэ. Ямар ч аавын хүүд бяраар илүүрхсэн сайхан барилдаан, хүч тамирын тоглолтын аль алиныг нь би үзэж бахдаж явлаа.
Монголчуудын хайрлаж хүндэлж явсан энэ сайхан аваргын тухай, онцолж хэлбэл би өөрийнхөө хамгийн хайртай бөхийн тухай товчхон дурсамж хүүрнэе. Болгоон соёрхоно уу
Дарийн Дамдин гэдэг их аварга бурхны оронд залраад нэлээн олон жил өнгөрсөн байна. Гэвч түүний хүдэр сайхан дүр төрх, амжилт үйлс, зам мөр миний сэттэлд улам л тодроод байх шиг. Аливаа агуу юм алсдаа улам тодорч харагддагийн нэгээхэн баримт энэ болов уу. Холоос зүсийг нь олонтаа харж, барилдахыг нь шимтэн үзэж явсан ганцхан удаа л үгийн солио хийсэн хүн ингэж ойр дотно санагдах нь юуных вэ?
Эхлээд би дурсамжаасаа жаахан хуваалцъя. Би мэдээ орохын л аавыгаа дагаж бөх их үздэг байлаа. Азтай сайхан явдал мөн л дөө. Учир нь Дамдин аварга, Цэрэн аварга, Бээжин аварга, хоёр Мөнхийг ид гарч ирэхээс нь л барилдааныг нь харж явлаа гэсэн үг.
1970 оны цагаан сарын барилдаанаар ид байсан Ж.Мөнхбат аварга Д.Дамдин аваргатай үзүүр түрүүнд үлдэв. Тэр үед ид үедээ гайхуулж явсан аатай аварга “түрүүлчихлээ” гэж бодсон байх. “Хашир аварга ч хүчийг нь дагуулаад мултална даа” гэж аав маань хэлж байлаа.
Тэгтэл үнэхээр л Дамдин аварга хүчийг нь дагуулж толгойгоо сөхөөд эрчинд нь явуулчихаж билээ. Хоёр Мөнхийг Канадын Эдмонтон хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд явсан хойгуурх улсын наадам яггүй сонирхолтой болж билээ. Тэр наадмаар Дамдин аварга нутгийнхаа улсын хурц арслан Бээжинтэй үзүүр түрүүнд барилдахаар үлдэж, Бээжин арслан аварга болж аварга маань булган сүүлтэй бөх гэдгээ харуулж байсныг би цэнгэлдэхэд үзэж суулаа.
Хоёр Мөнх (Ж.Мөнхбат, Х.Баянмөнх) удаан барилдаж хасагдахыг би хүүхэд байхдаа мөн л зурагтаар үзсэн юм. Их шөвгийн барилдаанд хоёр Мөнх хасагдчихаар Дэмүүл арслан түрүүлж Дамдин аварга үзүүрлэж байсан юмдаг. Түрүүлж, үзүүрлэсэн хоёр бөх индэрт гарах ёстой атал Дамдин аварга гарсангүй. Цуутай хоёр бөхийг хассанд дургүйцлээ илэрхийлэн бай шагналаа авсангүй дээ гэж зурагт үзэж суусан гэр дүүрэн хүмүүсээс хэн нэг нь хэлж байв. Мань аварга ч арга хэмжээ авахуулах байх даа хөөрхий хэмээн хал зовлон бишгүй туулсан хамар хашааны нүүр дух нь цул атираа болсон Дамбий гуай санаа алдан гаансаа сэтгүүрдэж сууж билээ.
Саваагүй толгой би яаж дуугүй сонсож чадахав. “Дамдин аварга тэгээд яана гэж...” хамт зурагт үзэж суусан ахаасаа асуувал (миний дээд талын ах Дашпэлжээ агсан) ”Яах юу байх вэ, удаж цөхөөд гэр лүүгээ явчихсан гэхэд л болоош дээ” гэж сийрч байлаа.
Дамдин аварга бол өөрөө барилдахдаа хэзээ ч удаж төддөггүй байсан. Дамдин аварга ямар гол мэхтэй юм бол гэж ааваас асуухад “Бяртай хүн болохоороо шууд дайраад л унагаачихдаг юм” гэж билээ. Би болохоор түүнийг ойн хүрэн баавгай ургаа модыг хуга алгаддаг гэдэгтэй зүйрлүүлж бодоод байх. Радиогоор болохоор тэр үеийн бөх тайлбарлагч Хурц арслан Бадамсэрээжид гуай манай Дамдин аварга өрлөө, давлаа, дэвлээ гээд л тайлбар нь дуусчихдаг учраас яаж барилдсаныг нь, ямар мэх хийснийг иь бага байсан болоод би мэдэлгүй өнгөрөөсөн хэрэг байх.
Өнөө санахад их аваргын өрлөө, дэвлээ, давлаа гэгддэг гайхамшигт барилдааны үр дүнд, тэр бүхний ачаар аварга маань бөхийн ертөнцөд мөнхөрлөө гэсэн бахархал бас гарч ирж байгаа юм. Дайраад ирэхээр нь цаад бөх нь бултчихаж болдоггүй юм уу хэмээн ааваас лавшруулан асуувал, “Бяртай хүн дайрахад цаад бөх аяндаа буруу харах ч юм уу, хамгаалалтгүй болчихдог.
Тэгэхээр нь түлхээд унагачихдаг байхгүй юу” гэж хариулж байсныг санаж байна. Баавгай гэснээс аварга хүүхэд байхын их тэнхээтэй, хүдэр сайхан хүү явсан. Тэр хорь арай хүрээгүй явахдаа үертэй уулын гол гатлахаар явж байтал гэнэтхэн баавгай ойрхон таарчихаж. Баавгай өөрийг нь хараад саатан зогссоноо эргээд явчихаж. Тэр тухайгаа гэртээ харьсан хойноо ээждээ ярьсанд ээж нь “Миний хүү бөх болох нь л дээ. Тэр их хот руу нь явж үз. Барилдах цаг чинь болж” гэж хүүдээ хэлсэн юм гэнэ лээ гэж сонин дээр бичсэн байх юм билээ.
Аваргын тухай энэ мэтийг санаж суутал эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг ардын ярианы үнэнийг харуулах нэгэн явдал санагдлаа. Дамдин аваргын хүү Д.Баяраатай 1974 онд спортын төв ордонд чөлөөт бөхийн бэлтгэл дээр танилцаж билээ. Дамдин аваргын хүү хөдөөнөөс ирсэн гэж сонсож байлаа. Угаасаа угшилтай юм хойно ирснийхээ дараа жилээс нь 68 кг, 74 кг-ын жинд маш сайн барилдаж эхэлсэн юмдаг.
Д.Баяраа бид хоёр нас чацуу гэж амьхандаа жаахан сүжирнэ. Д.Баяраа надтай нутаг гарал нэгтэй гэж ярина. Манай удам угсаа танай Өвөрхангай аймгаас нүүж очсон харуулынхан байхгүй юу гэнэ. Ааваас чинь ямар сонссон биш дээ гээд л өнгөрсөн. Цэргийн албан хаагч хүн болоод тэр байх, намайг Онжав гэж дууддаг байв. Утсаар ярьсан ч, уулзаж тааралдсан ч Онжав л гэнэ.
Д.Баяраа Б.Бат-Эрдэнэтэй /тухайн үед дархан аварга Б.Бат-Эрдэнэ начин цолтой барилдаж заан болдог жил/ тав бил үү зургаагийн даваанд барилцаж авахгүй их удаж билээ. Наадамчид шуугиад л. Наадмаас нэлээн хойхно би Баяраатай тааралдаад Бат-Эрдэнийг барахгүй байна уу гэхэд ойгүй бяртай, хий гаргахгүй байсан. Ядахад аав “Төрийн наадаад битгий уяад бай. Барилдахгүй зугтаах байсан юм бол яах гэж наадамд барилдсан юм” гэж загнаад бүр сандраачихгүй юу гэж ярьж байж билээ.
Аавынх нь тухай яриа болох тэр үеэр Баяраа өөрөө зургаа юм уу долоогийн даваанд Хадаа /Д.Хадбаатар аварга/ аваргатай гарцаагүй таарах болоод байсан. Түүнтэй яаж, ямар аргаар барилдах вэ гэж асуусан чинь “Мөрөн дээрээс нь сэнжигдэж барьж аваад хүчтэй сэгсэр” гэлээ. Би Хадаа аваргыг юун сэнжигдэж бариад сэгсрэх манатай, яаж савуулчихгүй байхав гэж л бодож байхад, өөр шигээ л санаад, ухна ишигний зовлонг мэдэхгүй гэдэг шиг л юм болж байхгүй юу хэмээн ярьж инээлдсэн удаатай. Өөр хүмүүст ч бас үүнээ ярьж л явдаг байсан даа.
Саявтархан би Дарийн Дамдин аваргатай гадаа гудамжинд тааралдаад яриа хөөрөө болоод зогсож байна хэмээн зүүдлэв. Их дэлгүүрийн урдхантаа хичээнгүй сайд Б.Цэрэндорж гуайн хөшөөний тэр хавьд л юм шиг. Дамдин аварга бор бүрх малгай жаахан хажуулдуулаад тавьчихаж. Тэрбээр том шүдээ гарган инээж цээжний гүнээс дуугарав уу гэлтэй “Энэ зун танай нутгаар наадам олонтой гэв үү” гэж асууж байх юм. Би ч гавьтай олныг ярьсангүй зүүд маань ингэсгээд бүдэг бадаг, талдаа. Харин би сэрээд Дамдин аваргын тухай дурсамж бодлоосоо хөндийрч чадахгүй нойр хулжин хэвтлээ.
Д.Цэрэнтогтох дархан аварга маань бурханы оронд яваад удаагүй байсан болохоор зүүдэнд минь ахмад аварга орж байна даа гэж бодсон. Циркийн хойно уулзаж байгаагаар зүүдэлснийг бодоход Цэрэнтогтох аваргыг хөдөөлүүлээд удаагүй байсан, Дамдин аваргыг түүний насан туршдаа шахам ажиллаж уран бүтээлээрээ ард түмэндээ үйлчилсэн Улсын циркээс сүүлчийн замд нь үдсэн газар байж таарлаа хэмээн сэтгэв.
Манай хүү дунд сургуульд байв. Орой ажил, сургуулиасаа ирцгээгээд гэртээ ярьж суутал хүү маань “Аав аа, ээж ээ өглөө би хичээлээсээ жаахан хожимдчихлоо. Гэрээсээ гараад сургууль руугаа явж байтал циркийн хойд хаалгаар Дамдин аваргыг сүүлчийн замд нь үдэхээр гаргаж байна. Түүнийг би бас малгайгаа авч харж зогсоод” гэв.
“Би яагаад Дамдин аварга талийгаач болсныг мэдээгүй юм бол. Ямар харамсалтай юм бэ? Дамдин аварга өнгөрчихлөө гэж үү” хэмээн дотроо дуу алдан бодсонсон. Сайхан хүн бурхны орон руу явчихжээ гэж бодох зуур би хүүдээ “Миний хүү сайн байна. Монголын тэр сайхан аваргыг бурхны оронд явахад нь үдэж өгөхөд санаандгүй ч гэхнээ таарна гэдэг бэлгэ дэмбэрэлтэй зүйл шүү” гээд өнгөрсөн.
Дамдин аваргатай энх тунх амьд ахуй цагт нь нэг их уулзаад, яриа хөөрөө дэлгэж явсангүй. Харин 1990- ээд оны эхэнд ердөө ганцхан л удаа
ҮГИЙН СОЛИО ХИЙСЭН НЬ цаг ямагт сэтгэлд минь явдаг юм. Миний бие 1990 онд анхны чөлөөт ардчилсан сонгуулиар тэр үеийн Найрамдлын районы 1, 2, 3 дугаар хороо буюу Сансар, Дарь эхийн овооны айлуудаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон юм.
Тэгээд сансарын хонгилын урд хэсгийнхэнтэй 33 дугаар сургуулийн танхимд, хойд хэсгийнхэнтэй 48 дугаар сургуулийн байранд уулзалт хийдэг байв. Миний сонгогчидтой хийх уулзалтыг нэг ч таслалгүй байнга сууж байдаг хоёр хүн байлаа. Нэг нь Дамдин аварга, нөгөө нь “Хаврын шөнийн бодол”, “Тагтаа” зэрэг олон сайхан дуу зохиосон хөгжмийн нэрт зохиолч Д.Бадарч гуай. 1990-1992 он нийгэм ороо бусгаа, эдийн засаг хүндэрчихсэн ёстой л түм түжигнэж бум бужигнасан цаг. Тэтгэвэр тэтгэмж, өмч хувьчлал, Үндсэн хууль гээд асуулт буцлаж байсан аг.
Би ч хэрэндээ л ярьдаг олны асуултад хариулт өгдөг байсан. Миний сайхь хоёр эчнээ танил маань тэвчээртэй нь аргагүй уулзалт дуустал сууж сонсоно. Уулзалт тарсан ч хүмүүс намайг бүчин асууж шалгаасаар үүд хүртэл явдаг байв.
Нэгэн удаа намайг гарч явахад Д.Дамдин аварга олны дунд явснаа надтай зэрэгцэж ирээд “Лүндээ, архийг хэзээ картнаас гаргах вэ” хэмээн асуув. “Мэдэхгүй ээ. Сонгуулийн дараа шинэ Засгийн газар гарч ирээд шийдэх байх” гээд салж билээ. Дамдин гуайтайгаа орцондоо орох хүртэл нь хамт явж хэдэн үг солихгүй яав даа гэж одоо бодогддог юм. Ямар ч гэсэн ойролцоо үед амьдарч бараа зүсээ харалцаж явсан их аваргаас монгол эр хүний гүдэсхэн, ноён нуруутай занг би олж хардаг.
Тэр тусмаа бөх хүн, аварга хүн гэдэг ямар их эрэмгий, зориг золбоотой, хатуужилтай, тууштай, хамгийн гол нь гүндүүгүй сайхан төрийн хар хүн байх ёстойг мэдэж авсан шиг санагдана. Аварга маань тийм л хээ шаагүй эгэл олныхоо нэгэн явсан. Тэр өөрийгөө хэзээ ч магтаж байгаагүй тухай ахмад бөхчүүд бүгд л ярьдаг. Бас бусад бөхчүүдээ ч, ер нь бусдыг муу хэлж яваагүй гэдэг. Тэр ардын дуунд маш их дуртай байсан гэдэг.
“Дамиа аваргатай концерт үзлээ. Поп Сараа “Аргагүй амраг”-ийг дуулсан чинь аваргын царай барайж барайж уйлчихлаа. Түүний нулимстай царай хад чулуу ус нэвчиж байгаа юм шиг өрөвдмөөр байлаа. Бөх хүн бүдүүн ухаантай гэцгээдэг, худлаа юм шив” гэж нэг танил маань ярьсан. Бөхөд дургүй монгол хүн байхгүй, цөм л бөх үзэх, бөх ярих хорхойтой. Энэ ч үүднээс би бөхчүүдийг Дамдин аваргын талаарх өөрийн төсөөлөл, шалгуураараа үнэлэх гээд байдаг.
Улсын баяр наадам, цагаан сар дөхөөд ирэхээр хар аяндаа чихэнд “Даяар дурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын гавьяат жүжигчин Дамдиан” гээд л бөх цоллооч уянгалуулан дуудах, уртын дууны шуранхай, гурвын даваа эхлэх дохио болсон маршийн аялгуу хадаад явчихад цээжин дотроос нэг юм огшоод л ирэх шиг. Мориор бол хөл нь хөнгөрөөд явчихаж байгаа хэрэг байх даа.
Сансар хорооллын баруун бие эрх ДСНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын ордны хаяагаар тод хөх бүрх малгай тавьчихсан хөх цамцан дээр бор хүрэм өмсчихсөн тамирчин хүний чанга чанга алхаатай, ил үү ду ту у гэдэс гүзээ мах мариагүй булчин шөрмөс болсон эр хар сур шиг чивчирсэн биетэй тийм халхын сайхан эр хараа дээгүүр алхаж явсныг санаж байна. Д.Дамдин аваргын араас олон сайхан аваргууд төрсөн, төрж ч байна. Харин энэ сайхан аваргууд Дамдин аваргын эр хүний, бөх хүний жудаг ёсноос.нь сайн суралцаасай гэж боддог юм аа.
2015.Х1.07
Л.Лүндээжанцан
N.Gankhuyag · 2016/01/12
MONGOLIN ARD TVMNII KHAIRTAI BUKH
Зочин · 2015/11/15
Та мундаг сийрүүлжээ.сайн бөх сайхан жүжигчин блаа
Зочин · 2015/11/15
Миний нутгын сайхан аваргуудын нэг. . . Өвөөгийн минь сайн анд нөхөр байсандаа . . .