Хэн, юу хэлэв
2013/07/26
Т.Аюурсайхан: Авлигад холбогдсон гишүүдээ зарлаж, ангижрах хэрэгтэй
Зуны урин цаг болж, улс төрийн амьдрал зогсоод, дарга цэрэггүй амарсан энэ үед МАН-ыг шинэчлэхээр шийдсэн хэсэг залуус идэвхтэй ажилласаар. Тэд намын Бага хурлаа энэ сарын 30-нд хийхээр шийдэж, элдэв шаардлага дарга нартаа тавьж эхэлсэн. Тэр ч битгий хэл дараагийн даргаа хайх ажилдаа ч орчихоод байгаа гэх. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан нэлээд ноцтой мэдэгдлүүдийг хийв. Тэрбээр “Намын шат шатны бүх хурлуудад зөвхөн дарга сонгодог, зохион байгуулалтын асуудал ярьдаг, асуулт асуух болон санал хэлэх нэг ч хүн байхгүй тэр үеэс МАН-ын уналт эхэлсэн байсан.
Түүнчлэн эрүүл шүүмжлэл хэлдэг, тухайн орон нутаг дэвсгэр болон улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцдэг, гарах шийдвэрийг тодорхойлдог, улс төрийн томоохон хүчний хувьд ямар байр суурь бодлогоор оролцох, тэр зарчимдаа хүмүүсийг татан оролцуулж чаддаг байж цаашаа явах ёстой. Энэ бүх зарчим алдагдсан тэр цагаас эв нэгдэл нь үгүй болж, эрүүл шүүмжлэл хэлсэн нэгийгээ хавчин гадуурхаж, хөшигний цаана цөөхөн хүн бодлого гаргаж эхэлсэнээр уналтын дохио өгсөөр энэ цэгт хүрсэн. Одоо манай нам хуйвалдаанаас татгалзаж, бүлэглэлүүдийг ил болгох ёстой. Манай намд далд бүлэглэл их байдаг. Харин энэ далд бүлэглэлийг ил болгох ёстой.
Бие биеийнхээ эсрэг далдуур хуйвалдаан явуулдаг. Энэ нь намын эв нэгдэл болон нийтлэг эрх ашигт маш их хор хохиролтой. Намын дарга нарыг дарга нар бус гишүүд нь сонгодог болъё. Намын даргад нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд сунгаа явуулахын зэрэгцээ бодлогыг нь өрсөлдүүлдэг болъё. Улс орны нийгэм эдийн засагт ингэж ажиллана гэсэн бодлогоор өрсөлдүүлж, хамгийн их дэмжлэг авсан хүнийг намын Их хурлаар баталгаажуулах гэсэн зарчмыг тавьж байгаа. Мөн авлига, гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ нийгэмд ил тодоор зарлаж, тэднээс ангижрах хэрэгтэй. Авлигаас ангид нам болъё гэдэг зарчмыг тавьж байгаа” хэлсэн.
Үүнээс үзвэл МАН-ыг шинэчлэх гээд байгаа нөхдүүд авлига, хээл хахууль гэдгийг огт мэддэггүй бололтой юм. Тиймдээ ч намынхаа хээл хахуульд автсан бохир нөхдүүдээс салахын түүс болж байгаа юм байлгүй дээ. Бүр лавшруулаад хардвал эдгээр нөхдүүдийн ард хэн нэгэн цэвэр хүн байгаа ч байж мэднэ. Ямар ч байсан МАН-ын залуус намынхаан бохир нөхдүүдийг цэвэрлэж, арилгахаар шийджээ. Гэхдээ өөрсдөө бохир байж алах вий дээ.
Ш.Батхүү: “Олон овоот”-ын асуудлыг шалгах байх
“Хадгаламж” банк нийт активаа “Төрийн банк”-нд шилжүүлж, үндсэндээ төрд шилжиж байгаа. Энэ асуудлын гол зангилааг тайлж, “Жаст” группын Ерөнхийлөгч Ш.Батхүү мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Хадгаламж” банк дампуураагүй гэдгийг албан ёсоор онцолж, өөртэй нь холбоотой асуудлуудад тайлбар хийсэн. Тэгэхдээ “Олон овоот”-ын асуудал хууль хяналтын байгууллага руу очих байх гэдгийг хэлсэн юм. Тэрбээр “Ашигт малтмалын газраас бидэнд өгсөн А лиценз дээр “Олон овоот”-ыг алтны 18.5 тоннын нөөцтэй гэсэн. Тэр үед Ц.Мянганбаяр захирлаас энэ ордыг өртэй нь авахдаа “Бүх наймаа хийгдчихлээ. Гэрээн дээрээ 25 тонн гэсэн баталгаа гаргаж өглөө.
Адилхан бизнес хийж байгаа хүний хувьд асууя. Энд алт байгаа юу” гэж асуусан. Тэгэхэд Ц.Мянганбаяр “Бид өөрсдөө ухаж байсан. Алт бий” гэж хэлсэн ч бид хоёр жил ухахад дүгнэлт нь үсрээд л гурван тонн алт бий гэж гарч байна. Бизнес өөрөө эрсдэлтэй учраас тухайн үед би ингэж асуусан юм. Тэр газар нь ч өөрөө их сонирхолтой байсан. Би энэ рүү орсноороо 2012 оны тайлангаар “Олон овоот” 92 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Яаж ч бодсон хуурамч А лиценз үүсгэсэн асуудал байна. Учир нь би хоёр хадны дунд хавчуулагдчихаад байна шүү дээ. Нэг талаас ашигт малтмалын шинэ хүмүүсийн зүгээс “Энд байх ётой 20-иод тонн алт хаана байна” гэж байхад нөгөө талаас “Алтаа олборлож байж бидний зээлийг төлөөч ээ” гэж шахаж байна. Бид мэргэжлийн шинжээчдийг авчирч судалгаа хийлгэхэд 18.5 тонн алт байх ёстой газарт үсрээд л дөрвөн тонн нөөц батлагдаж байна. Ер нь миний хийсэн хамгийн том алдаа “Монгол газар” компанитай орооцолдсон явдал боллоо” хэмээн мэдэгдсэн.
Тэгэхээр цаашид “Олон овоот”-ын ордтой холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах нь бараг тодорхой болж байх шиг байна. Дээрээс нь А лиценз хуурамчаар үйлдсэн хэрэг үүсч, Алтны магнат гэгддэг Ц.Мянганбаяр захирал ч шалгагдаж магадгүй болчихоод байна. Ш.Батхүү захиралтай холбоотой хэрэг наанаа “Хадгаламж” банкаар халхавч хийж байгаа боловч цаанаа “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд, “Монгол газар” компани гээд багагүй газар авч магадгүй юм.
Ц.Даваасүрэн: Ажлаа хийгээгүй компаниудын эрхийг хязгаарлана
Хаврын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд найр наадам хэсч, амралтаа эдэлж яваа. Харин энэ зуур байнгын хорооны дарга нар хаврын чуулганаар хийж амжуулсан ажлаа өнгөрч буй долоо хоногт тайлагнасан. Тэр дундаас Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нэлээд сонирхолтой зүйлсийг ярьсан юм. Тэрбээр “Би хувьдаа төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хэмжээг бууруулахгүй байх ёстой гэж үздэг хүн.
Дэлгэрэнгүйг энд дар
Зочин · 2013/07/29