Технологийн шуурхай хяналтын систем хэрэглээнд нэвтэрлээ
2015/07/26
Баяжуулах фабрикийн технологийн шуурхай хяналтын өгөгдлийн нэгдсэн сан бүрдүүлэх, хэмжилтийн үр дүнг бүрэн гүйцэд оруулдаг болох, уг өгөгдлийн сангийн мэдээллээр статистик боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Судалгааны төвөөс санаачлан Баяжуулах фабрик, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн ажилтнууд хамтран Технологийн шуурхай хяналтын систем PIM 01-ий бүтээж хэрэглээнд нэвтрүүллээ. Баяжуулах фабрикийн технологи ажиллагаанд оролцож буй бүхий л төхөөрөмжийн хяналтын хэрэгслүүдийн хэмжилтээс гарч байгаа сая сая өгөгдөл-мэдээлэлд үндэслэн үйлдвэрлэлийн баланс бодож, технологийг хянадаг. Өнөөг хүртэл ашиглагдаж ирсэн хяналт, тооцооны систем нь зөвхөн тухайн цаг хугацааны мэдээллийг харуулдаг, өмнөх урт хугацааны түүхтэй харьцуулах боломжгүй, бүрэн мэдээлэл авахын тулд олон програм ажиллуулдаг, хязгаарлагдмал, олон програмын харуулж буй зарим тоо хоорондоо зөрдөг, статистик анализ хийхэд хүндрэлтэй байжээ. Зөвхөн нэг шинжилгээний өгөгдөл цуглуулахын тулд ажилтан 1-3 хоногийн хугацаа зарцуулдаг байв. Эсвэл тухайн өгөгдөлд зориулж програм зохих, технологийн нэг дүгнэлт гаргахад энэ ажиллагааг олон давтах шаардлага гардаг зэрэг дутагдалтай байв. Харин PIM 01 нь БФ-н удирдлагын системын серверүүдэд хадгалагдаж буй 1000 гаруй төрлийн 150 сая орчим өгөгдлийг дурын хугацааны интевалд хүссэн сонголтоор харьцуулан татах, бодолт хийх чадвартай. PIM 01-г хэрэглэх нь БФ-ийн бүх техникийн болон технологийн процесст статистик дүн шинжилгээ хийнэ, өгөгдөл боловсруулж шуурхай дүгнэлт гаргах боломж бүрдүүлнэ. Ажилтан хуучин прогроммаар 8 цагт цуглуулах өгөгдлийг 1-5 минутанд гаргахаас гадна, олон хүчин зүйлээс хамааруулж процесст үнэлгээ хийх гэх мэт боломжыг олгож байна.