Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ
2015/06/15
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Иргэн бүр эрсдэлгүй орчин” сэдэвт сарын аяны хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрт 3 чиглэлээр хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаа явууллаа. Уул уурхайн үйлдвэрлэл, байгаль орчны нөхөн сэргээлт, цацрагийн үүсгүүрт тавигдах шаардлага, тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн хяналтын бай-гууллагын холбогдох чиглэлээр шалгалт хийж, зөвлөмж өгчээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтнууд хяналтын хуудас сурталчлах сургалт зохион байгуулж, ажлын байран дээр уг хуудсыг хэрхэн хэрэглэх, түүгээр дамжуулан тухайн байгууллага үйл ажиллагаандаа хэрхэн хяналт тавих талаар зөвлөлөө. Мөн үйлдвэрийн цацрагийн үүсгүүр хадгалах байранд тавигдах шаардлага, тухайн ажлын байранд ажиллагч өөрийгөө хэрхэн хамгаалах талаар сургалт зөвлөлгөө өгсөн нь цацраг идэвхит бодисын хэрэглээ өндөртэй манай үйлдвэрийн хувьд үр дүнтэй ажил боллоо.
Я.ЭНХТУЯА