Америкийн эрдэмтэн Хаягдлын аж ахуйн усны тэнцвэрт байдлыг судалжээ

АНУ-ын Өмнөд Дакотагийн Технологийн Их сургуулийн доктор профессор Скотт Кеннер хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн Хаягдлын ахуйн усны балансыг судалж эргэлтийн усны өгөгдлийн сан үүсгэхээр ажиллаж байна. Тэрээр судалгааны урьдчилсан үр дүнг өнгөрсөн баасан гарагт үйлдвэрийн удирлагуудад болон холбогдох мэргэжилтнүүдэд мэдээллээ. Усны балансын тооцоонд оролт-гаралтын хуримтлалын өөрчлөлтийн зүй тогтлыг ашиглах, систем бүрийн бүрдэл хэсгийг тусгах, ууршилт, нэвчилтийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж зөвлөв. Хаягдал усны балансыг тодорхойлж чадаагүй нь ирээдүйд эргэлтийн усны хомсдол үүсэх, нуур усаа багтаахгүй болох эрсдэл бий. Тиймээс мэргэжилтнүүдийг энэ чиглэлээр гадаадад сургах, Технологийн сургуулийн төгсөх ангийн оюутнуудын дипломын ажлын сэдвийг энэ чиглэлд хандуулах хэрэгтэйг санал болгосон. Доктор профессор Скотт Кеннер судалгаа шинжилгээ хийсэн багаж тоног төхөөрөмжөө манай мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгөх аж.

“Эрдэнэт” үйлдвэр АНУ-ын Өмнөд Дакотагийн Технологийн их сургуультай байгаль орчны нөхөн сэргээлтээс гадна Технологийн сургуульд оюутан, зөвлөх профессоруудыг солилцох, багш, судлаачдын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

М.ОДГЭРЭЛ