Ган бөөрөнцөг цувих цехэд технологийн шинэчлэл хийгдэж байна
2015/01/29
"Эрдэнэт" үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех бэлдэц халаах зуухны технологио шинэчилж, дизель түлшний хэрэглээг нүүрсний хийгээр солилоо. Ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд хоногт 9 тонн дизель түлш хэрэглэдэг байсан бол технологийн шинэчлэл хийгдсэнээр 10 тонн нүүрсийг ашиглан үйлдвэрлэлээ явуулах аж. Дизель түлш, нүүрсний үнийн зөрүүгээс эдийн засгийн ихээхэн хэмнэлт гарна. “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех Итали улсын “Даниел центро машин” нэгдлийн МS64 тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд жилд 50 000 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус цех Монгол улсын MNS 4433-97 стандартаар 40, 60, 80, 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 40 ,80 мм-ийн голчтой бэлдэц авч, импорт орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэн “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн хэрэгцээний 86 хувь, Дулааны цахилгаан станцын хэрэгцээг 100 хувь хангаж байна.