Катодын зэсийн үйлдвэрийн нээлт боллоо
2014/10/10
Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр Орхон аймагт Ачит ихт ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр үүдээ нээлээ. Үйлдвэрийн нээлтэнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн болон Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюу Толгой, “Оюу Толгой ХХК-ийн удирдлагууд оролцлоо. “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн 2-р овоолгыг түшиглэн байгуулсан тус үйлдвэр, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, гидрометаллург буюу хандалт уусгалт электролизын аргаар цэвэр зэс гарган авах аж. Жилд 10000 тонн цэвэр зэс гаргах бөгөөд Эрдмин ХХК-ийн зэсийн үйлдвэрээс 4 дахин их хүчин чадалтай аж. Энэ төслийг 2010 оны сүүлээс эхэлж хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн 7-р сараас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ. 2-р овоолгын 65 сая тонн хүдэр, 180 мянга тонн зэстэй түүхий эдийн нөөцөөр 10 жил ажиллах боломжтой.
Тус үйлдвэр ашиглалтанд орсноор 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж, өндөр технологийг эх орондоо нутагшуулж, монгол улсын зэсийн экспорт, валютын орлогыг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм. Нээлтийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлсэн үгэндээ: “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын том илрэл нь манайхтай хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа юм. Эрдмин компани 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж, жил бүр 3000 тонн цэвэр зэс гаргаж, зэс бүтээгдэхүүн, кабель утас үйлдвэрлэж байна. Саяхан молибденийн баяжмал боловсруулах Шим технологи үйлдвэр үүдээ нээлээ. Ингэснээр 100 гаруй хүн ажилтай болж, молибденийн давхар исэл үйлдвэрлэж байна. Өнөөдөр Ачит ихт компани нээлтээ хийж, манай үйлдвэртэй хамтран ажиллах боллоо. Манай үйлдвэр энэ компанийг дэмжсэнээр “үхмэл” ашигт малтмалыг эргэлтэнд оруулж, ард түмний хүртээл болгон, орон нутагт бараа худалдан авалтын эргэлт нэмэгдэх ач холбогдолтой. Нөгөө талаас ашигт малтмалыг бүрэн дүүрэн боловсруулах, сорчлон ашиглахгүй байх гэсэн Монгол улсын ашигт малтмалын хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх юм гэв.
- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/57-2014-10-10#sthash.2ZEOIYnK.dpuf